ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийн сүрдүүлэг

2016 оны 2 сарын 4

-МАХН-ЫН БОЛОВСОН ХҮЧНИЙ БОДЛОГО МУУ БАЙНА-

МАХН-ын Оюутны холбооны дарга хэмээх албан тушаал хашиж байсан гэлцдэг Д.Мөнхтөр гэгч 20 гаруй настай хүүг арванхоёрдугаар сарын сүүлээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ШӨХТГ-ын даргаар томиолсон байдаг. Гэтэл ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр гэгч манай мэдээллийн мөрөөр энэ сарын 02-ны өдөр буюу өчигдөр манай сайт руу ШӨХТГ-ын нэр дээр албан бичиг, Улсын байцаагчийн мэдэгдэх хуудас болон үл таних залуучуудыг өс хонзонгйн сэдлээр явуулж, сэтгүүлчдийг айлган сүрдүүлж манай байгууллагын үйл ажиллагаанд хууль бус аргаар саад учируулах гэж оролдлоо.

Иймд Medee.mn сайт Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт хандаж Төрийн байгууллагыг хувийн компаниа мэт авирлан, ашиглаж буй ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрд хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлж өгөх тухай гомдол гаргаад байна.

1. Д.Мөнхтөрийн Medee.mn сайтад гаргас мэдээллийн мөрөө өөрөөсөө уучлалт гуйхыг шаардаж, эс биелүүлбэл Өрсөлдөөний тухай хуулиар торгоно гэсэн албан бичиг нь “ШӨХТГ иргэний нэрийн өмнөөс, дүгнэлт гаргах эрхгүй” зэрэг хуулийн хэд, хэдэн зүйл заалтыг зөрчиж байна.

2. Танхай эмээ (@tanhai_emee) гэгч твиттер хаягаас олон нийтэд мэдээлсэн далд агуулгатай сурталчилгаа гэж өөрсдөө тайлбарлаж байгаа зүйл дээр манай байгууллагыг тайлбар гаргаж өг, өгөхгүй бол торгоно гэж мэдэгдэл хүргүүлж байгаа нь Зар сурталчилгааны хууль зэрэг хэд, хэдэн хуулийг ноцтой зөрчиж байна

3. Мөн өөрийнхөө их сургуулийн ангийн найз Г.Шинэбаяр нарын хүмүүсийг /эрэгтэй/ явуулж тус мэдээллийг бичсэн Н.Баяр гэж сэтгүүлчтэй “Хувийн уулзаатай байна” хэмээн сүрдүүлж байгаа нь Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд заасан “Өөрийн болон бусдын мэдээллийг тараахгүй хэмээн оюун санааны хүч хэрэглэн заналхийлэх” гэсэн хуулийн зүйл заалтад хамаарч байна.

Төрийн албаны тухай хуулийн 16-зүйлд “Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн төрийн албаны онцлог болох үүргээ биелүүлээгүй бол” төрийн жинхэнэ албан тушаалд ажиллуулахыг хориглоно гэж заасан байдаг. Нэг үгээр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагч Цэргийн алба хаасан байх ёстой. Гэтэл Д.Мөнхтөр нь хуулийн цаад захын энэ заалтыг хангасан гэдэг нь эргэлзээтэй байна. Энэ бүгд нь МАХН, тус намын дарга Н.Энхбаярын боловсон хүчнийхээ талаар баримталж буй бодлого маш муу байгааг илтгэж байна.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ц.ОЮУНБААТАР ТАНАА

Хариуцлага тооцуулах тухай

“МРО” ХХК-ийн Мэдээ.мн сайт нь Монгол улсад болж буй үйл явдлын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй, шуурхай, үнэн бодитоор олон нийтэд мэдээлдэг. 2016 оны 2 дугаар сар 2-ны өдөр манай Мэдээ.мн сайтад “Балчир дарга Д.Мөнхтөр бусдын үгээр будаа тээж явна гэв” гарчигтай мэдээ нийтлэгдсэн. Энэхүү мэдээллийн дагуу 2016.02.03-ны өдрийн өглөөний 10 цаг орчмын үеэс манай байгууллагын утас руу ШӨХТГ-ын газраас “Арвижих, Жагар хуульч ярьж байна” хэмээн 10 гаруй хүн холбогдож, мэдээллээ устгахыг шаардаж, танайхыг торгож хариуцлага тооцно гэх мэтчилэн дарамталж эхэлсэн.

Мөн энэ өдрийн 12 цагаас эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийн найз Г.Шинэбаяр (хамгаалалтын албаныхан бололтой) биерхүү залуустай манай редакцад дараалан ирж, сэтгүүлч Н.Баярыг сураглан “Хувийн уулзаатай байна” хэмээн манай сэтгүүлчдийг айдас хүйдэст автуулж, бидний ажлын байрандаа аюулгүй байх, айдас хүйдэсгүйгээр ажил үүргээ гүйцэтгэх эрхэнд бүдүүлгээр халдаж байна.

2016 оны 2 дугаар сар 3-ны өдөр ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Д.Гантөмөр утсаар холбогдож, манай сайтыг архи согтууруулах ундаа хууль бусаар сурталчилсан хэмээн тайлбар өгөхийг шаардаж, улмаар өөрийн биеэр мэдэгдэх хуудсаа 13:55 цагт хүргэж ирсэн болно. Тэрээр мэдэгдэх хуудастаа “Танхай эмээ” хаягаар “Лава” архийг хууль бусаар сурталчилсан байх тул энэ тухай тайлбарыг 2016 оны 2 дугаар сар 3-ны өдрийн 14:00 цагт ирж өгөхийг мэдэгдэж байна. Ирээгүй тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8 дахь заалтыг үндэслэн захиргааны хариуцлага ногдуулна” хэмээжээ.

Мөн ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр 2016.02.03-ны өдрийн 1/171 албан тоотдоо “Нийтлэлийн агуулгаас харахад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийж байгаа хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулж, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон бөгөөд тус газрын даргын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, Өрсөлдөөний тухай хуулийн 14.3, Иргэний тухай хуулийн 21.2-т заасан заалтыг дурьдаад, үндэслэлгүй мэдээлэл тараасан тул уучлалт гуйхыг шаарджээ.  Түүний энэхүү шаардлага нь “ШӨХТГ иргэний нэрийн өмнөөс, дүгнэлт гаргах эрхгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.

Түүний энэ бүгд үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд заасны дагуу “Өөрийн болон бусдын мэдээллийг тараахгүй хэмээн оюун санааны хүч хэрэглэн заналхийлэх” гэсэн хуулийн зүйл заалтад хамаарч байна.

Бид хэн нэгний нэр төрд үндэслэлгүйгээр халдаж, худал мэдээлэл тараагаагүйг албан ёсоор мэдэгдэж байна. Олон нийтийн сүлжээ болох твиттер хаягаар бидний мэдэхгүй, манай үйл ажиллагаатай огт хамаагүй этгээдийн нийтэлсэн жиргээний хариуцлагыг манай сайтын сурталчилгаа мэтээр мушгин гуйвуулж, ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр манай байгууллагын үйл ажиллагааг буруутган, албан тушаалаараа далайлган сүрдүүллээ хэмээн ойлгоход хүргэж байна. Үүний зэрэгцээ Зар сурталчилгааны тухай хуулиа мэдэхгүй улсын ахлах байцаагч байгаад гүнээ харамсаж буйгаа илэрхийлье. Учир нь Зар сурталчилгааны тухай хууль дагуу манайд хариуцлага тооцох ямар ч үндэслэл үгүй гэдгийг манай өмгөөлөгч нар нотолж байна.

Монгол Улсын Шадар сайдын чиг үүргийн харьяалалд байдаг ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр болон тус газрын улсын ахлах байцаагч Д.Гантөмөр нар төрийн байгууллагын нэр барьж, хувийн өс хонзонгийн сэдлээр Ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж байгаад гүнээ харамсаж байна.

Иймд ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр болон тус газрын ахлах байцаагч Д.Гантөмөр нарт зохих хууль журмын дагуу хариуцлага тооцож өгөхийг Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар таниас хүсье.

ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийн зүгээс Mэдээ.мн сайтад үзүүлж байгаа дарамт, айлган сүрдүүлэлтийг үзэг нэгт нөхөд маань болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд мэдсэн төдийгүй таны шийдвэрийг ажиглаж байна.

ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрөөс ирүүлсэн албан бичиг, Ахлах байцаагч Д.Гантөмөрийн албан тоот, Ажлын байранд ирж сүрдүүлж байгаа залуусын зургийг хавсаргав.

Хувийг

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл

МEDEE.MN САЙТЫН ЗАХИРАЛ Д.ЭРДЭНЭТУЯА

Зураг: Medee.mn сайтад нийтлэгдсэн мэдээлэл

Зураг: ШӨХТГ-аас твиттерийн тус мэдээллийн дагуу Medee.mn сайтыг буруутгав

Зураг: ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийн найз Б.Шинэбаяр нарын хүмүүс Medee.mn сайтын редакцид

Зураг: ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийн арга хэмжээ авна гэсэн мэдэгдэл

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.MEDEE.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна