Цэцийн асуудлаар МАН завсарлагаа үргэлжлүүлэв

2016 оны 2 сарын 4

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа 2 цаг орчмоор хоцорч эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд танхимд орж ирсэн ч Ардчилсан намын бүлгийг ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн шаардлага тавин, ирцээ бүртгүүлэхгүй байснаас хуралдаан сунжирсан юм.

Хуралдаан эхэлж хэлэлцэх асуудлаа батлах үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар авсан завсарлагын хугацаагаа сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын даргын зүгээс гурав хоногийн завсарлага өгөх эрхтэй болохоо онцолж, хүсэлтийг нь хүлээн авлаа. Тиймээс энэ асуудлыг сар шинийн дараа хэлэлцэх болж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт завсарлага авах болсон үндэслэлээ нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга тогтоодоггүй. Хоёрдугаарт, Цэц хуралдаж шийдвэрээ гаргах ёстой, энэ асуудлаар хуралдаагүй. Гуравт, УИХ анх илгээсэн байгууллагын саналаар асуудлыг хэлэлцэх ёстой. Улсын Дээд Шүүх бүрэлдэхүүнтэй хуралдаж санал ирүүлэх ёстой ч ийм хурал болоогүй. Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч тайлбар ирүүлсэн ч “Санал байхгүй” гэсэн бичиг ирүүлсэн байгаа. Мөн Хуульчдын холбоо, улс төрийн намууд УИХ-ыг хууль зөрчиж энэ асуудлыг шийдвэрлэхгүй байхыг сануулж уриалга гаргасан байна. Тийм учраас Үндсэн хууль зөрчихгүйгээр энэ байдлаас гарах ямар боломж байна гэдгийг намын бүлгүүд зөвшилцөх шаардлага байна гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна