Ц.Баасандорж “Байгаль хамгаалагч”-ийн хэргийг өмгөөлөхөөс татгалзжээ

2016 оны 2 сарын 4

Байгаль хамгаалагч агсан Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг амиа хорлосон гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэсэн учир Ц.Баасандорж өөрийн хүсэлтээр өмгөөлөл үзүүлэхээр болсон. Гэвч өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэхээ зогсоож байгаагаа өөрийн фэйсбүүкээр дамжуулан мэдэгдлээ. Ийнхүү шийдвэр гаргах болсон шалтгаанаа доорх байдлаар тайлбарласан байна.

Өмгөөлөгч Ц.Баасандорж: "2015 оны 11-р сараас 2016 оны 2 сар хүртэл 3 сарын хугацаанд байгаль хамгаалагч талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн аав хохирогч Төмөрсүхийн өмгөөлөгчөөр ажиллалаа. Ажиллах хугацаандаа Хөвсгөл аймагт очиж ажиллаж, Улсын Ерөнхий Прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хөвсөл аймгийн прокурорын газар, Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт удаа дараа хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлтүүд гаргаж, гэмт хэргийг шалгах ажиллагаанд өмгөөлөгчийн зүгээс хийж болох бүх л ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар өмгөөллийн мэргэжлийн туслалцаа үзүүлсний төлөө нэр бүхий сэтгүүлч, огт харьцаж байгаагүй зарим нэг хүмүүс гүтгэсэн, доромжилсон, илт үндэслэлгүй мэдээ мэдээлэл тарааж нэр хүндэд минь халдаж, доромжилж цаашид ч энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болохоо мэдэгдсэн. Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг илрээсэй, гэмт хэрэг хийсэн этгээдүүд баригдаж ял шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсч байгаа олон иргэдийн адил өмгөөлөгч миний бие өөрийн чадах зүйлээрээ тусалъя гэсэн сэтгэлээр ямар ч хөлс мөнгө, зардал авалгүй энэхүү хэрэг дээр 3 сарын турш талийгаачийн аав Төмөрсүхтэй хамт ажилласан ба олон нааштай үр дүн гарсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарсан гүтгэлэг, доромжлол, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор талийгаачийн аав Төмөрсүхтэй ярилцаж байгаад энэхүү хэрэг дээр ажиллахаас татгалзаж, энэ нь талийгаачийн хэргийг шалгах ажиллагаанд илүү хэрэгтэй гэж үзлээ. Цаашид энэхүү хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч нарын мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлөх, нэр хүндийг нь гутаан доромжлох, гүтгэх үйл ажиллагаа явагдахгүй гэдэгт итгэж байна. Талийгаачийн аав Төмөрсүх, ар гэрийнхэн болон бусад бүх хүмүүсээс хүлцэл өчье." гэжээ.

 Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна