ЕХ Туркт 3 тэрбум еврогийн санхүүжилт батлав

2016 оны 2 сарын 4

 

Турк дэх дүрвэгсдийн амьдрах нөхцөлийг сайжруулснаар Европыг зорих урсгалыг багасгах болзолтойгоор ЕХ Анкарад гурван тэрбум еврогийн санхүүжилт олгохоор болжээ.  Европын холбооны гишүүн 28 орны сайд нар Брюссельд уулзаж Туркт санхүүжилт олгох төлөвлөгөөг дэмжин баталсан аж. Турк нь Европын холбооны санхүүжилтээр дүрвэгсдийг орон байр, хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангаж, хүүхдүүдийг боловсрол эзэмшүүлэх ёстой гэнэ.

 

Санхүүжилтийн нэг тэрбум еврог Европын холбооны төсвөөс гаргах бөгөөд үлдсэнийг нь гишүүн орнуудаас гаргах аж. Европын холбооны орнуудаас Герман хамгийн их буюу 427.5 сая еврог гаргаж байгаа бол Их Британи 327.6 сая, Франц 309.2 сая, Итали 224.9 сая, Испани 152.8 сая еврог тус тус гаргахаар болжээ.

 

Өнгөрсөн онд дүрвэгсдийн хөлд дарагдсан Европын холбоо хөгшин тивийг зорих олон сая хүний урсгалыг сааруулахын тулд олон арга хэрэглэж байна. Европт хөл тавьсан дүрвэгчдийн олонх нь Туркээс тэнгисээр дамжин Грект ирсэн байгаа юм. Туркт өдгөө хөрш Сири улсад удаан үргэлжилж буй иргэний дайнаас дүрвэн 2.5 сая орчим хүн амьдарч байгаа аж.

 

Үүний зэрэгцээ Европын комиссоос дүрвэгсдийн урсгалыг сааруулахын тулд Шенгений бүсийг хоёр жилийн хугацаагаар зогсоож, хилийн хяналтаа дахин сэргээх эсвэл Грекийг хасахаар ярилцаж байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна