Есөн компаниас гурав нь л шалгуурт тэнцжээ

2016 оны 2 сарын 4

Монгол Улсын мах бэлтгэгч есөн компани БНХАУ руу Мах экспортлох хүсэлт гаргасан. Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын хамтарсан шинжээчид урд хөрш рүү мах экспортлох сонирхолтой “Завхан Хүнс”, “Мон Тува”, “Хүн Од” зэрэг есөн компанийн  үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ. Шалгалтад эхний ээлжид “Завхан Хүнс”, “Мон Тува”, “Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” гэсэн гурван компани тэнцэж, БНХАУ руу мах экспортлох эрхтэй болсон байна. Монгол, Хятад хоёр улсын шинжээчид Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгуудыг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс гэж нэрлээд дээрх аймгуудаас бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг экспортлохыг БНХАУ-ын тал зөвшөөрчээ. Үлдсэн зургаан үйлдвэрийг махны гарал үүслээ тодорхой болгож, орчны эрүүл ахуйгаа сайжруул гэсэн шаардлагыг тавьсан байх юм.

БНХАУ  бол хэрэглээний махаа Шинэ Зеланд, Австрали зэрэг орноос импортлон авдаг. Иймээс Монгол Улсаас тус улс руу тээвэрлэгдэх мах сайн чанарын, тавьсан шаардлагыг нь ямагт хангахгүй бол өрсөлдөгч их байх юм. Монголоос урд хөрш рүү мах экспортлох үйлдвэрүүд хоногт ойролцоогоор 1000-3000 толгой бог, 500-1000 толгой бод нядалж, бэлтгэх чадалтай. Жилд 6-10 мянган тонн мах бэлтгэж, экспортлох боломжтой аж.

Харин “Мон Тува” компанийн тухайд өмнө нь ОХУ руу жилд 1000-2000 тонн мах экспортолж байсан туршлагатай. Мах бэлтгэлийн үйлдвэр нь Увс аймагт байрладаг. Ойролцоох Говь-Алтай, Завхан аймгуудын малчдаас махаа бэлтгэдэг юм. Энэ удаад Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор Хятад улс руу мах экспортлох зөвшөөрлийг авчээ.

Махны үйлдвэрүүд хонь, ямаа, үхрийн ястай махаа хөрөөдөж, стандартад нийцсэн хайрцагт савлаад, зориулалтын хөргөгчтэй машинаар тээвэрлэнэ. Яг хэзээнээс тээвэрлэлт эхлэх, нэг тонн мах ямар ханштайгаар гарах вэ гэдэг одоогоор тодорхой болоогүй байна. Учир нь Хятадын тал Монгол үйлдвэрүүдийг өөрийн улс руугаа мах экспортлохыг зөвшөөрсөн ч, дотооддоо импортын хариуцан ажиллах компаниудаа шалгаруулж, амжаагүй байгаа юм. Гэхдээ Монголдоо худалдсанаас илүү өндөр  өртгөөр борлуулна гэсэн тооцооллыг махны үйлдвэрүүд хийжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна