Ноён уулыг тусгай хамгаалалтад авав

2016 оны 2 сарын 4

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 71 хувийн саналаар баталлаа. Ингэснээр Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч буй бөгөөд нийт 11 мянган га талбайг хамарч буй юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Уянга: Киргизийн түүхийг Ноён ууланд давтах нь. Хүннүгийн түүхээ 50 тонн алтны төлөө ухах боллоо. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 105 тонноор нөөцөө өгсөн байтал Засгийн газар 50 тонноор оруулж ирлээ. Гарцаагүй маш өндөр үнээр “Сентера гоул”-д өгөх боллоо. Түүхийг минь бидэнд ядаж үлдээгээч. Эцэг, эхийнхээ хийсэн бүхнийг газар дээр байгааг нь та бүхэн өнгөрч буй 20 гаруй жилийн хугацаанд нураасан, газар доор байгааг нь ухаж авсан. Одоо би Засгийн газарт итгэхгүй байна. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Ноён уулыг байгалийн цогцолбороор нь авч үлдэхийн тулд 78 мянган га талбайг хамгаалалтад авах ёстой. Хилийн цэсийг тогтоох эрхийг Засгийн газарт өгөх юм бол чононд хонь хадгалуулсантай адил хэрэг болно. Алт гаргаж авахад гадаадын хөрөнгө оруулалт шаардлагагүй. Нинжа хүртэл ухаж болоод байна. Цэвдэгт гарцаагүй нөлөөлнө гэж байгаа.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг: Шинжлэх ухааны байгууллагууд болон маш олон талын оролцоог хангасан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Байгаль хамгаалагчдын холбооноос 105 тонн алтны нөөцтэй гэж мэдээллийг гаргаж тавьж байсан. Гацууртын ордыг хэлэлцэх үед энэ талаар ярих нь зөв байх. Манай байнгын хороогоор хамгаалалтад авах тухай асуудал яригдаж байна гэсэн юм.

Мөн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхи дэмжсэнээр баталлаа.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна