Импортын эрчим хүчийг татвараас чөлөөлнө

2016 оны 2 сарын 4

-“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хөрш орнуудаас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлүүлэх шаардлагатай байна гэж үзсэнийг УИХ ийн өнөөдрийн хуралдаанаараа эцэслэн баталлаа-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 78.3 хувийн саналаар дэмжин баталлаа.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь ОХУ-ын “Интер РАО ЕЭС” компаниас цахилгаан эрчим хүч худалдан авч Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгаан түгээх сүлжээ комданиудад бөөний үнээр дамжуулан борлуулдаг. Баруун бүсийн эрчим хүчний системээр 2014 онд 100.8 сая кВт.ц, БНХАУ-аас 5.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч импортолж, “Дөргөн” УЦС 39.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн баруун гурван аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасан байна.

Тус компани нь ОХУ-аас 1 кВт цахилгаан эрчим хүчийг 2.6 рублиэр худалдан авч Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгсөн 1 кВт цахилгаан эрчим хүч борлуулах бөөний үнэ тарифын дагуу “Увс ЦТС” ХХК-д 45.55 төгрөг,  “Ховд ЦТС” ХХК-д 52.47 төгрөг, “Баян-Өлгий ЦШСГ”-т 49.4 “Алтай-Улиастай ЭХС”-д 86.59 төгрөг тус тус мөрдөн ажиллаж байгаа аж.

Мөн “Дөргөний УЦС” ХХК-иас 1 кВт цахилгаан эрчим хүчийг 32.11 төгрөгөөр худалдан авч түгээх сүлжээнүүдэд бөөний үнэ тарифаар тооцон борлуулдаг. БНХАУ-аас 1 кВт цахилгаан эрчим хүчийг 0.65 юаниар худалдан авдаг байна. Түгээх сүлжээ компаниуд айл өрхөд 86.8 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагад 124.2 төгрөгөөр тус тус борлуулдаг байна.

Тус компанийн импортоор авч байгаа цахилгааны өөрийн өртөг нь хэрэглэгчдэд борлуулж буй үнээс өндөр байдаг тул алдагдлыг улсын төсвөөс татаас өгч санхүүжүүлдэг боловч импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар нь энэ татааст тусгагдаагүйгээс эх үүсвэргүй өр үүсдэг аж.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь 2014 онд 3857.8 сая төгрөгийн балансын алдагдалтай ажилласан байна.

Тус компани нь 2012 онд 0.9 тэрбум төгрөг, 2013 онд 3.7 тэрбум төгрөг, 2014 оны гүйцэтгэлээр 3.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2015 оны батлагдсан бизнес төлөвлөгөөгөөр 4.1 тэрбум төгрөгний алдагдалтай ажиллахаар байгаа аж.

Иймээс “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хөрш орнуудаас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлүүлэх шаардлагатай байна гэж үзсэнийг УИХ ийн өнөөдрийн хуралдаанаараа эцэслэн баталлаа. Уг татварын чөлөөлтөд зөвхөн ахуйн зориулалтаар ашиглах эрчим хүчийг хамруулан тооцох юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна