С.Эрдэнэ: Улстөржилтөө цэвэрхэн хий

2016 оны 2 сарын 4

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын /ХАХНХ/-ын сайд С.Эрдэнэ “Сайдын цаг” уулзалтанд оролцлоо. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд санаачилж батлуулсан хууль, одоо хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлсэн юм. Тодруулбал Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хамтын тэтгэврийн тухай хууль, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль гэх мэт 10 томоохон хууль, зорилтод хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлжээ.

Мэдээлэл хийсний дараа сайд С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хүүхдийн мөнгө болон алдарт эхийн одонгийн мөнгийг цагаан сарын өмнө олгож амжих болов уу?

-Хүүхдийн мөнгийг арилжааны банкуудад тодорхой хуваарийн дагуу олгож эхэлсэн. Үндсэндээ нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 5-6 гэхэд олгож дуусна. Харин хоёрдугаар сарын хүүхдийн мөнгө болоод Алдарт эхийн ондонгийн мөнгийг энэ сард багтаан олгохоор ажиллаж байна.

-Нийгмийн даатгалын сантай холбоотойгоор таныг АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байна. Энэ үнэн үү?

-Сонгууль ойртож байна. Яг энэ асуудлаар надад албан ёсоор шалгалт хийнэ гэдгээ АТГ мэдэгдээгүй. Харамсалтай нь санаатай, санамсаргүй байдлаар ташаа мэдээлэл цацагдаж байна. Энэ удаад ч биш. Оны өмнөөс яригдаж эхэлсэн. Манайхан улс төр хийхдээ цэвэрхэн хийж сурах хэрэгтэй. Нэг асуудал гаргаж ирчихээд тэр нь нотлогдоогүй бол өөр зүй лрүү холбож гуйвуулдаг байдал элбэг болжээ. Манай салбартай холбоотой олон сөрөг мэдээллийн нэг нь ч нотлогдсонгүй. Тиймээс төрийн байгууллагын нэр хүндийг гутаахыг оролдсон, мөрөөрөө ажлаа хийж байгаа төрийн албан хаагчид руу дайрсан үйлдэл үйл ажиллагаагаа болих хэрэгтэй. Энэ бол монголын улс төрд үеэ өнгөрөөсөн зүйл. Харин хэн нотлох баримттай бусдыг шүүмжилж чадаж байна гэдгээр нь харах хэрэгтэй.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна