&#34Итали хөлбөмбөгийн багш намайг авч явна гэж мөрөөддөг байсан&#34

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

&#34Итали хөлбөмбөгийн багш намайг авч явна гэж мөрөөддөг байсан&#34

Б.Дамдинсүрэн: Италиас хөлбөмбөгийн багш нар ирээд намайг авч явна гэж мөрөөддөг байсан

МХБХ-ны футзалын өсвөр үеийнхний УАШТ-ий 13 хүртэлх насны ангилалд 28 гоол хийснээр мэргэн буучаар шалгарсан “ДМЮ” клубийн довтлогч8  улсын тэргүүний 24 дүгээр сургуулийн 7а ангийн сурагч Бат-Эрдэнийн Дамдинсүрэнтэй ярилцлаа. Тус клубийн фэйсбүүк хуудсанд “Манай Даймийгийн олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн гарч байна. Энэ нь түүний гэр бүлийн суурь хүмүүжил, 2010 оноос хойш хөлбөмбөгт зарцуулсан буй чин сэтгэл, 2012 онд "ДМЮ"-ын гишүүн болсноосоо хойших багийнхаа төлөө зориулсан маш их зүтгэлийн үр дүн билээ. Өглөө 08:00 цагт бэлтгэлтэй байхад 06:00 цаг өнгөрөөж сэрчихээд догдлон хүлээдэг, цаг нь болоогүй байхад яаравчлан явдаг, бэлтгэлээ огтхон ч тасалдаггүй, талбай дээрх цагийг маш их үр бүтээлтэй өнгөрүүлдэг, багийнхныхаа төлөө юугаа ч харамладаггүй хүү ийнхүү шилдгээр шалгарсанд олон хүн баяртай байна” гэж бичсэн байв.

 -Миний дүү хөлбөмбөгийн спортод хэрхэн татагдсан юм бэ?

-Долоон настай байхдаа 2010 оны ДАШТ-ийг үзээд энэ спортод дуртай болсон. Манай гэрийнхэн бүгд Германыг дэмжиж байсан ч би Испанийг аварга болоосой гэж бодсон.

-Испанийн шигшээ багийн хөгжөөн дэмжигч байх нь ээ?

-Бразилын шигшээ багт арай илүү дуртай. Клубүүдээс Испанийн “Барселона”-г дэмждэг.

-Энэ спортоор хэзээнээс хичээллэх болсон юм бэ?

-ДАШТ-ээс хойш би хөлбөмбөг тоглохыг хүсэх болсон. Ээж минь намайг 2010 оны намар манай сургуулийн хөлбөмбөгийн багт оруулсан нь “ДМЮ” клуб байсан. Гэхдээ миний үеийн хүүхэд цөөн, бүр бага насны ангилалд тэмцээн уралдаан болдоггүй байсан болохоор жил хагас завсарлаад 2012 оноос одоог хүртэл идэвхитэй хичээллэж байна.

-Бэлтгэлтэй өдөр тийм эрт босчихдог юм уу?

-Тийм.

-Яагаад?

-Бүү мэд. Бэлтгэлтэй гэхээр сэтгэл хөөрөөд байдаг юм. Өглөө 06:00 цагт босоод хийх юм олдохгүй болохоор бэлтгэлийнхээ талаар боддог. Бэлтгэлээ сайн хийчих юмсан, цохилт давтахад хаалгачийн өөдөөс цохьчихгүй юмсан гэж.

-Энэ хугацаанд өсвөр үеийн ангилалд ямар амжилт үзүүлсэн бэ?

-Талбайн УАШТ-ээс алт, футзалын УАШТ-ээс гурван хүрэл, Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Дуулиан-2020” футзалын тэмцээнээс нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн. Өөр олон медаль байгаа ч сайн санахгүй байна.

-Хамгийн мартагддаггүй тоглолтоо ярихгүй юу?

-Манайх 2013 оны УАШТ-ий аваргын төлөө “Дэрэн”-тэй тоглосон юм. Тоглолт 1:1 байхад би сэлгээгээр талбайд гарч, сүүлчийн минутад хоёр гоол хийснээр улсын аварга болсныг мартдаггүй. Өмнөх өдөр нь барцдаа гаргасан болохоор ёндоорсон юм.

-Барцдаа яаж гаргасан юм бэ?

-Аваргын төлөөх тоглолтын өмнөх өдөр байрныхаа гадаа гүйж байгаад хүүхдэд дэгээдүүлж унаад нүүрээ халцалсан.

-Футзалын УАШТ-д түрүүлж үзээгүй юм байна. Өмнөх хоёр жил хүрэл медаль хүртсэн болохоор энэ жил том зорилго тавьж оролцсон байлгүй?

-Түрүүлэх л зорилготой орсон. Гэсэн ч шөвгийн дөрөвт Хан-Уул дүүргийн шигшээ багтай тоглоход жаахан алдаа гаргаад 2:4-өөр хожигдсон. Тоглолт тэнцүү байхад би нэг их гоё боломж алдсандаа одоо ч харамсч байна. Гэхдээ хүрэл медалийн төлөө “Дэрэн”-тэй сайн тоглож, 9:0-ээр буулган авсан.

-Түрүүлж үзээгүй тэмцээнээсээ гурван жил дараалан хүрэл медаль хүртэхэд ямар санагддаг вэ?

-Дараа жил заавал түрүүлнэ гэж бодогдсон. Эхний жил хүрэл медаль хүртээд баярласан ч сүүлийн хоёрт нь хэцүү байсан.

-Энэ жил хэдэн гоол хийсэн билээ. Мэргэн буучаар шалгарна гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-28 гоол. Эхний тоглолтод “Шонхорууд”-ыг 24:0-ээр хожиход найман гоол хийснээр мэргэн бууч болох боломж байна гэж бодсон. Хүрэл медалийн төлөө “Дэрэн”-гийн хаалганд тэмцээний 28 дахь гоолоо хийснээр мэргэн бууч болж чадсан. “Арвис”-ын нэг хүүхэд 27 гоолтой байсан юм билээ.

-Өмнө нь ямар нэгэн тэмцээнээс ийм шагнал хүртэж байсан уу?

-2013-2014 оны улиралд Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Дуулиан-2020” тэмцээний 11 хүртэлх насны ангилалд 25 гоол хийснээр мэргэн буучаар шалгарч байсан.

-Одоо ямар тэмцээн хүлээж байна вэ?

-Футзалын УАШТ-ий шөвгийн наймд үлдсэн багуудын дунд футзалын лигийн тэмцээн ирэх гуравдугаар сард болно. УАШТ-ий маргаашаас л лигийн бэлтгэл эхэлсэн.

-Саяхан болсон “Бешикташ” клубийн нэрэмжит футзалын тэмцээнд яагаад тоглоогүй юм бэ?

-Манай дасгалжуулагч футзалын УАШТ-д их үүрэгтэй тоглосон зургаан тоглогчоо амрааж, бусдыг нь туршлага суулгахын тулд энэ тэмцээнд оролцуулсан юм. Манайх футзалын лигт чанартай хоёр дөрөвттэй оролцох зорилготой байгаа.

-Энэ жил 13 хүртэлх насны ангилалд аль аль багийг хүчтэй өрсөлдөгчөө гэж харж байна вэ?

-“Хараацай”, “Дэрэн” клуб, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн шигшээ багийг.

-Б.Дамдинсүрэн бага байхдаа “Намайг Италиас багш нар ирж авна” гэж ярьдаг байсан юм уу?

-Мөрөөддөг байсан (инээв).

-Яагаад тэгж мөрөөддөг байсан юм бэ?

-Монголд хөлбөмбөг тоглоод хоолоо олж идэх хэцүү. Манай клубийн А.Мөнх-Оргил, Т.Анхбаяр ах хэдэн жилийн өмнө “Милан”-ы шалгаруулалтад тэнцээд Итали явж байсан нь сайхан санагддаг.

-“ДМЮ” клубийнхээ тухай ярихгүй юу?

-Манай клуб маш гоё. Хүүхэд бүхэн гоё харилцаатай. Бид хоорондоо маш сайн ойлголцдог болохоор багийн тоглолт сайн хийж чаддаг. Би 2000 оны багийн тоглолтыг үзэх дуртай. А.Мөнх-Оргил, Т.Анхбаяр, А.Баттулга, Б.Чойжилсүрэн ах нарыг хүндэлж явдаг.

-Танай клубийг зарим хүн “Хүчит Чулуут” гэж ярьдаг нь ямар учиртай юм бэ?

-Манай клубийг “Хүчит Чулуут” компани ивээн тэтгэдэг, өмсгөлийн урд нэр нь бичигдсэн байдаг болохоор тэгдэг байх.

-“ДМЮ” клубийн нас насны баг олон улсын тэмцээнд тогтмол оролцдог. Гадаад руу тэмцээнд хэдэн удаа явж байсан бэ?

-БНСУ-д болдог Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд гурван жил дараалан оролцсон. 2013 онд Инчёнд хэсэгтээ тав, 2014 онд Хвасонд, 2015 онд Ансёнд тус тус гуравдугаар байр эзэлсэн. Уг нь эхний хоёр байрт орвол болор цом авдаг юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард БНХАУ-ын Хайнан арал дээрх өвлийн бэлтгэлийн баазад бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцохдоо гуравдугаар байр эзэлсэн. Бразилын “Флуминенсе” гэж “аймар” багтай тоглож үзсэн (инээв).

-Юу нь “аймар” юм бэ?

-Хүүхдүүдийнх нь хурд хүч, цохилт, техник гээд бүх юм нь.

-Хайнанд хэдэн орны баг тоглосон юм бэ?

-Дөрвөн улсын 15 баг өрсөлдөхөд Бразилын “Флуминенсе” нэг, ОХУ-ын “Чита” хоёр, манайх гуравдугаар байр эзэлсэн.

-“Флуминенсе” гэж яг яадаг баг юм бэ?

-Бразилдаа их алдартай. "ПСЖ"-ийн хамгаалагч Тиаго Силва, "Реал Мадрид"-ын хамгаалагч Марсело нарыг төрүүлсэн баг. Алдарт Роналдиньо өнгөрсөн жил тэнд тоглож байсан.

-Өөр алдартай багтай тоглож байсан уу?

-Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд Узбекистаны хоёр алдартай багтай тоглосон. 2014 онд “Бунёдкор”-т олон гоолын зөрүүтэй хожигдсон ч бэлтгэлээ шаргуу хийснээр 2015 онд “Пахтакор”-той ойрхон үзсэн. “Бунёдкор” Азийн “Аваргуудын лиг”-т хоёр удаа шөвгийн дөрөвт үлдсэн бол “Пахтакор” дээр үеэсээ алдартай баг байсныг ахаасаа сонссон. Хөгшин хүмүүс сайн мэддэг юм билээ.

-Солонгост тоглосон гурван жилийн алинд нь болор цом авах өндөр боломж байсан бэ?

-2015 онд. “Пахтакор”-т хожигдсон ч бусадтай нь сайн тоглосон бол боломж байсан гэж боддог. Гэвч Солонгосын гурван багийг хожих газар жаахан азгүйтээд бүгдтэй нь тэнцээд л гуравт орсон доо.

-Оросын багуудтай тоглож байсан уу?

-2014 оны хүүхдийн баяраар Улаанбаатарт Монгол туургатны аварга шалгаруулах тэмцээн болсон. Манайх Оросоос ирсэн Буриад, Тува, Халимагийн багийг хожиж аваргын төлөө шалгарч үлдсэн ч Монголын нөгөө багтаа торгуулийн цохилтоор хожигдож билээ. Сая “Чита”-тай тоглосон.

-Тэр тэмцээнд Монгол Улсын хоёр шигшээ баг оролцсон юм уу?

-Яг ч шигшээ баг биш ээ. Монголын нэгдүгээр багийг манай “ДМЮ” клуб дангаараа, хоёрдугаар багийг “Арвис”, “Дэрэн”, “Хараацай” клуб хамтран бүрдүүлсэн юм.

-Монголдоо шилдэг довтлогч болдог хүү гадны багуудын хаалганд гоол хийж байсан биз дээ?

-Монгол туургатны аварга шалгаруулах тэмцээнд Буриадын багийн 2:0-ээр хожиход нэг, 2014 оны Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд Солонгосын Кванмён хотын багийг 2:1-ээр хожиход хоёр, Японы “Тамагава” клубийг 3:0-ээр хожиход нэг гоол хийсэн. Сая Хайнаньд болсон тэмцээнд 14 гоол хийж мэргэн буучаар шалгарсан. Гэхдээ бүх гоолоо Хятадын багуудын хаалганд оруулсан.

-Тоглогчийн ямар чадвараа сайжруулахыг хүсдэг вэ?

-Манай баг гурвалжин довтолгоо хийх үед би дамжуулалтаа зөв өгч чаддаггүй. Нэг бол удаад, эсвэл хүчтэй, сул өгчихдөг. Дамжуулалтаа сайжруулмаар байна.

-Бусад чадвараа хэвийн гэж үзэж байна уу?

-Гайгүй ээ. Сая Хайнанд өндөр ачаалалтай бэлтгэл хийснээр тэсвэр, ур чадвар сайжирсан. Хаалгачийн эсрэг цохиж олон боломж алддаг байсан маань багассан байна билээ.

-Хайнанд ямар бэлтгэл хийсэн юм бэ?

-Өглөө болгон техник, тэсвэрийн бэлтгэл хийж, өдөр бүр хувилбар, тактик давтсан. Энэ бэлтгэлүүд манай багт их хэрэг болсон.

-Ойрд гадны ямар улс руу явах вэ?

-Сайн мэдэхгүй байна.

-Энэ зун Солонгос явахгүй юм уу?

-Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестиваль 12 хүртэлх насны ангилалд болдог. Манай 2003 оныхны нас нь хэтэрсэн болохоор энэ зун 2004 оныхныхоо бэлтгэлийг сайн хангаж өгөх байх.

-Гадны улс руу явахад хөрөнгө мөнгөний асуудлыг хэрхэн болгодог вэ. Хүүхдүүдийн эцэг эхчүүд гаргадаг уу?

-Тийм. Гэхдээ манай клуб маш их хөнгөлж, эцэг эхчүүдээс нийт зардлын талыг нь л гаргуулдаг. Сайн тоглож буй хүүхдүүдийн зардлыг бүрэн даах тохиолдол ч байдаг. Энэ дашрамд “ДМЮ” клубийн ерөнхийлөгч Б.Батзаяа ахдаа маш их баярлаж явдгаа илэрхийлье.

-Танай гэр бүлийнхэн хэр дэмждэг вэ?

-Манай аав, ээж, ах нар бүх талаар дэмждэг. Намайг амжилт үзүүлэхэд маш их баярлаж, миний дуртай зүйлийг авч өгдөг. Тамирчин хүнд гэр бүлийн дэмжлэг маш чухал.

-Танай гэрт спортоор хичээллэдэг хүн бий юу?

-Манай бага ах Б.Бямбадорж “Алдар” спорт хороонд чөлөөт бөхөөр хичээллэдэг. 2013 онд өсвөр үе, 2015 онд залуучуудын улсын аварга болсон. Энэ хоёр ангиллынхаа Ази тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд барилдаж байсан. Ахыгаа мундаг тамирчин болж, өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэдэг. Манай аав, ээж, том ах тамирчин биш ч гэсэн спортыг маш их дэмждэг.

-Сайхан ярилцсанд баярлалаа. Улам их амжилт хүсье.

 Б.Мөнхзул

ЭХ СУРВАЛЖ: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж