Цэргийн зэр зэвсэг үйлдвэрлэдэг дархны зуух олжээ

2016 оны 2 сарын 4

Археологийн салбарын судлаач, эрдэмтэд өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд гадаадын есөн улстай хамтарсан 29 төслийг 15 аймгийн 33 сумын нутагт хэрэгжүүлж 100 орчим дурсгалыг малтан судалж, 1000 гаруй эх хэрэглэгдэхүүнийг шинээр илрүүлэн олжээ. Түүхэн олдворуудын дунд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг Чингис хааны анхны нийслэл Аваргын балгасанд цэргийн зэр зэвсэг үйлдвэрлэдэг дархны зуух, алт мөнгөний дархны бүрэн хэрэгслийг анх удаа нээн гаргаж иржээ. Мөн урьд өмнө судлагдаагүй байсан эртний сяньби нарын бүтэн оршуулгын газрыг Баян-Өлгий аймгийн нутгаас олсон байх юм. Хүннүгийн шавар ваар савны урлагийн олон шинэ олдворуудыг Тамирын Улаан хошууны булшнаас илрүүлсний дотор Дундад Азиас гаралтай шавар савнууд буй нь Төв Азийн эртний соёл иргэншлийн хэлхээ холбоог илэрхийлэх чухал баримтууд болсон тухай археологичид онцлон ярилаа. Үнэт олдворуудыг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн олон нийтэд дэлгэн үзүүлнэ. Одоогоор олдворуудыг сэргээн засварлах ажил Шинжлэх ухааны академийн төв лабораторид үргэлжилж байна.

Өөр нэг хосгүй үнэт олдворууд нь  Өндөр гэгээн Занабазараар домоглодог бурхан шашны хот буюу Хан хэнтийн нуруу буюу Төв аймгийн Эрдэнэ сумд байрлах Сарьдагийн хийдийн суурины малтлагаас гарсан 17-р зууны түүхийг илэрхийлэх монгол цэргийн бүрэн хэрэгсэл. Мөн Өндөр гэгээн Занабазарын урласан 3000 шавар бурхан юм. Эдгээр олдворыг  археологичид 2012 оноос эхлэн гурван жилийн турш малтлага хийж олсон байна. Түүхэнд бичигдсэнээр энэхүү Сарьдагийн хийдийн суурь нь Улаанбаатар хотын нэг үүсэл аж.

1950 оноос Монголын археологичид эртний хот сууриныг судалгааг эхлүүлж, монголчууд Манжийн дарлалд орохоос өмнө амьдарч байсан 11-12 хотын суурийг олж байжээ. Сүүлийн үед хот суурины судалгаа хаягдах хандлагатай байсныг сэргээж, Сарьдагийн хийдийн гол цогчны нэгээхэн хэсэг буюу бурхан шашны хотын суурийг малтан судалсан нь энэ аж. Өндөр гэгээн Занабазарын урласан 3000 бурхан, монголын цэргийн түүхийг илтгэх хэрэгслүүдээр ирэх дөрөвдүгээр сард Түүх, Археологийн хүрээлэн үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна