Дэлхийн жишигт нийцсэн сурах бичигтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Дэлхийн жишигт нийцсэн сурах бичигтэй боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран Герман, Швейцарь, Австрали улсын Засгийн газрын санхүүжилтээр 2013 оноос хойш хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд цахилгаан, механик,  барилгын мужаан, сантехникийн мэргэжлийн багш, суралцагчдад зориулсан багц сургалтын материал, сурах бичгийг анх удаа монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлснээ хүлээлгэн өглөө. Олон улсын стандарт, шинжлэх ухаан, техникийн дэвшилд суурилсан онол, арга зүй, дадлага олгоход ач тусаа өгөх дөрвөн мэргэжлийн нийт 88 сурах бичгийг гардуулах ёслол Барилгын Политехник коллежид болсон юм. Ёслолд Хөдөлмөрийн сайд Г. Баярсайхан,  ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн, Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Ж.Лангтри нарын албаны хүмүүс, багш оюутнууд оролцлоо.

Ном гардуулах ёслолд оролцсон Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан техник, мэргэжлийн боловсрол, сургалтад шаардлагатай мэргэжлийн сурах бичгээ гардан авахаар хуран цуглаад байгаа багш сурагчдад баяр хүргээд “Дэлхий нийтээр даяарчлагдан шинжлэх ухаан, мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд өндөр хөгжилтэй орны сайн туршлага, үр ашигтай үйл ажиллагааг судлан нэвтрүүлэх ажил чухал билээ” хэмээгээд тэргүүлэх салбарын мэргэжилтэй ажилтныг ажил олгогчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бэлтгэхэд анхаарал хандуулан хамтран ажиллаж байгаа ХБНГУ-ын Засгийн газар, төсөл хэрэгжүүлэгч Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт талархал илэрхийллээ. Мөн энэхүү төслийн олон талт үйл ажиллагааг хангахад хөрөнгө оруулалтын уялдаа холбоог хангаж байгаа Швейцарийн Хөгжлийн агентлаг, Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн Австралийн Засгийн газар болон  “Оюутолгой” ХХК-д мөн талархаж буйгаа Хөдөлмөрийн сайд хэлсэн үгэндээ онцлон дурдсан билээ.  

Сурах бичиг гардуулах ёслолд мөн Швейцарийн Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул Маркус Валдфогел,   “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх ерөнхий захирал Эндрю Вүүдли, БНСУ-ын KOЙКA ОУБ-ын орлогч дарга Вон Жи Ёон, ГОУХАН-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн удирдагч Юрген Хартвиг нар оролцож хамтын ажиллагаа, төслийн үр дүнгийн талаар санал бодлоо солилцлоо. 

“Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэхэд бодит үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж ирсэн. Тухайлбал, уул уурхайн болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлж, сургалтын үйл ажиллагааны менежмент, чанарыг сайжруулан загвар сургуулийг бий болгоход чиглэсэн ажлуудыг хийсэн. Мөн цахилгаанчин, барилгын техникч, механик инженерийн техникчийн  сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сайжруулан сурах бичиг, гарын авлагыг боловсруулах, сонгосон МБСБ-ын дадлагын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлж, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхээс гадна багш, удирдлагыг мэргэшүүлэхэд чиглэн ажилласан. Монгол Улс “Дэлхийн ур чадвар” ОУБ-д гишүүнээр элсэн 2015 онд Бразил улсад болон Дэлхийн ур чадварын тэмцээнд есөн мэргэжлээр амжилттай оролцсон нь мөн төслийн үйл ажиллагааны үр дүн юм.  Энэхүү төсөл ХБНГУ-ын хөрөнгө оруулалтаас гадна Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны хөрөнгө оруулалттай хэрэгжиж байгаа нь төслийн үйл ажиллагааг олон чиглэлд хандуулж, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт оруулах хөрөнгө оруулалт, тусламж дэмжлэгийг нэгтгэн уялдаа холбоог хангаж байгааг төсөл хэрэгжүүлэгч байгууллагынхан ярьж байлаа. 

ЭХ СУРВАЛЖ: ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж