Говь-Алтайн Бургастай боомтоор таван аймгаас мах экспортлож эхэлнэ

2016 оны 2 сарын 4

Сэтгүүлч:
Говь-Алтай

БНХАУ  руу мах экспортлох аж ахуйн нэгжүүдийг МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж хүлээн авч уулзлаа. Манай улсын “Грийн грасланд” ХХК, “Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” ХХК, “Завхан хүнс” ХХК БНХАУ-д үхэр, хонь, ямааны мар экспортлох болзлыг хангасан учраас батламжийг нь гардууллаа. Эдгээр аж ахуйн нэгжүүд цагаан сарын дараагаас бүтээгдэхүүнээ экспортолж эхлэх юм. МХЕГ, ХХААЯ болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын шинжээчид хамтран өнгөрсөн жилийн есдүгээр сарын 23-наас аравдугаар  сарын 04-ний өдрүүдэд баруун болон төвийн бүсийн шүлхий өвчний хоригийг цуцлах хяналт магадлагаа хийжээ. Энэ үеэрээ Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгийг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс гэж зарласа байна.  Эдгээр аймгаас бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг “Грийн грасланд” компанийн “Мон-Тува” үйлдвэр экспортлох боломжтой гэж БНХАУ-аас хариу ирүүлсэн бөгөөд хамтарсан Ажлын хэсэг нэгдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Бээжинд хуралдан “Монгол Улсаас БНХАУ-д хонь, ямаа, үхрийн мах экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр,малын эрүүл мэнд, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай протокол”-ыг үзэглэсэн. Протоколоор үхэр, хонь, ямааны маханд мал эмнэлгийн гэрчилгээ олгохоор тохиролцсон бөгөөд баталгаажуулалт хийж, тус бүр 120 ш гэрчилгээг энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын талд хүргүүлээд байгаа юм.

Протоколуудад “Шүлхий өвчингүй эрүүл бүсээс бэлтгэсэн малын махыг эрүүл, вакцин таригдаагүй бүс нутгаар зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн импортлоно” гэж заасан учраас Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгаас зөвхөн Говь-Алтай аймгийн Бургастай боомт л БНХАУ-тай хиллэдэг. Иймээс Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж Бургастай боомтоор малын түүхий мах экспортлох боломжийг бүрдүүлсэн. БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар манай улсын нэр бүхий аж ахуйн нэгжийг бүртгэж авчээ. Тухайлбал, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг “Хүн Од”, “Хатан сүйх”, үхэр, хонь, ямааны махыг “Монгол эко мийт Хөвсгөл мах маркет”, “Завхан хүнс”, нядалгааны “Эрдэнэ хүнс” үйлдвэр экспортлох эрхтэй.

 Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна