Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2016.02.04/ үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдааны дундуур хуралдаж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанаар эхлээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд болон Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны гишүүд дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлээгүй тул нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсаныг гишүүдийн олонх дэмжсэн юм.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн явцад хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх гишүүн гараагүй юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах нь зүйтэй гэж үзсэн.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулав.

Дотоодын тариалангийн үйлдвэрлэлээ дэмжих, иргэдээ эрүүл ахуйн шаардлага хангасан хямд үнэтэй газар тариалангийн бүтээгдэхүүнээр хангах үүднээс 2008 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” Монгол Улсын хуулиар “Импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис”-ыг 2011 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл чөлөөлж байсан, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дээрх хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр уг хуульд нэмэлт оруулж, мөрдөх хугацааг сунгасан. Энэ нь зардал өндөртэй уналтанд байсан газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулах, хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдээ эрүүл аюулгүй, хоол хүнсээр хангахад эрх зүйн томоохон дэмжлэг болжээ.

Цаашид газар тариалангийн техник шинэчлэлийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, улсын төсвийн дэмжлэг болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар жилд 5-6 хувийг шинэчилнэ гэж үзвэл ойролцоогоор 6-8 жилд техник шинэчлэлийг 90-100 хувьд хүргэх бүрэн боломжтой тул импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг "Нэмэгдсэн өртгийн албан татвар"-аас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.

Танилцуулгын дараа хуулийн төсөл санаачлагчаас асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй тул хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан. Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүд  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг санал нэгтэйгээр хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөсөн юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж