О.Амартүвшин Булган аймгийн нутгийн зөвлөлийг тэргүүлэхээр боллоо

2016 оны 2 сарын 5

Улаанбаатар хот дахь Булган аймгийн Нутгийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн нэгдсэн хурал өнгөрсөн сарын 31-нд болж, Нутгийн зөвлөлийн гишүүд шинэ даргаа  сонгосон байна.

Анхдагчдын өлгий нутаг тодотголтой Булган аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлыг БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Ц.Цэнгэл даргалж, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир, Булган аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин болон дипломатч Ц.Жамбалдорж нарыг хурлын тэргүүлэгчээр сонгожээ.

Нутгийн зөвлөлийн дарга Э.Мөнх-Очир уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, өөрийнхөө оронд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, UFC группийн ерөнхийлөгч Отгондаваагийн Амартүвшинг нэр дэвшүүлснийг нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид санал нэгтэй дэмжсэн байна. Экс дарга Нутгийн зөвлөлийнхөө тамгыг О.Амартүвшинд хүлээлгэн өгөхдөө:

-Нутгийн унаган хүү, эрч хүчтэй бизнесмен, нэр хүндтэй залууд ажлаа өгч байгаадаа баяртай байна. Отгондаваагийн Амартүвшин бол нутгийн олныхоо итгэлийг даах хариуцлагатай, бас нутгаа гэх сэтгэлтэй залуу юм. Бизнесийн салбарт өсч өндийж ирэхдээ энэ сэтгэл нь их тод илэрдэг юм. Энэ чанараа баттай хадгалж, нутгийн олноо түшиж явахад олон сайхан ажлыг амжуулах болов уу гэж бодож байна гэлээ.

Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Ц.Цэнгэл:

-Булган аймгийн нутгийн зөвлөлийг анх 1990-ээд оны эхээр байгуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер байсан Д.Бямбаа гуай, дараа нь Л.Жавзмаа дарга, 2004 оноос миний бие ахалж байгаад 2008 онд Э.Мөнх-Очирт шилжүүлсэн түүхтэй. Нутгийн зөвлөлийн шинэ даргад оновчтой хүнийг олж дэвшүүлсэндээ олзуурхаж байна. Шинэ тэргүүн маань Нутгийн зөвлөлийн дүрэм болоод тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудлыг Цагаан сараас хойш нутгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Цаашид идэвх чармайлттай, нутгаа гэх сэтгэлтэй хүмүүсээр Нутгийн зөвлөлийг бүрдүүлж, удирдах цомхон чадварлаг багаар ажиллаж, аймаг орон нутаг руу чиглэсэн олон ажил санаачлан өрнүүлнэ гэдэгт итгэж байна гэв.

Нутгийн зөвлөлийн шинэ тэргүүн О.Амартүвшин:  -Булган нутгаас удам гаралтай 100 гаруй мянган хүн Улаанбаатар хотод аж төрөн сууж байгаа. Энэ олон хүний сэтгэл итгэлийг нэгтгэн зангидаж, нутгийнхаа хөгжлийн төлөө чиглүүлэх хүндтэй үүрэг надад ногдож байна гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна