Бэлгээ үндэсний үйлдвэрлэлээс сонгоё

2016 оны 2 сарын 5

Сар шинэ болоход ердөө гуравхан хоног үлдлээ. Цагийг нь тулгаж аливаа ажлаа амжуулдаг монголчуудын хөлд худалдааны төвүүд дарагджээ. Жил ирэх бүр иргэд биесээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж, үйлдвэрлэгчдээсээ чанартай, үнэ хямдтай бүтээгдэхүүнийг нэхэх болсон. Тэгвэл энэ жил үндэсний үйлдвэрлэгчид улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдал, худалдан авагчдынхаа саналыг харгалзан үзэж, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг сар шинийн бэлэгт зориулан үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ. Тухайлбал “Эксклюзив” компани хүүхдийн шүлхэвч, малгай, гоо сайхны цүнхийг 1000 төгрөгөөр, хүүхдийн нэхий хантааз, бойтгийн хослолыг 24000 төгрөг, 100 хувь сарлагийн хөөврөн малгай, ороолтыг 8000-12000 төгрөгөөр сар шинийн бэлгэнд санал болгон худалдаалж байгаа юм. Иргэн та хэрэв үндэсний үйлдвэрлэл дэмжиж худалдаа хийвэл төлбөрт төлсөн мөнгө дотооддоо үлдэж, зах зээлд эргэлдэнэ. Импортын бараа сонговол таны мөнгө гадагш шууд урсана гэдгийг үйлдвэрлэгчид санууллаа.

“Эксклюзив” компани оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ материалаа зайлшгүй импортоор авах шаардлагатай болдог. Харин сүлжмэл материал бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ 100 хувийн дотоодынхоо сарлаг, тэмээний хөөврийг ашиглаж, дотоодынхоо мөнгөний эргэлтэд дэм үзүүлдэг байна. Нэг үеэ бодвол  монголчууд харьцангуй сайн үйлдвэрлэж чаддаг болжээ. Ингэснээр зөвхөн дотоодынхоо зах зээлд борлуулалт хийх биш, гадагш нь урд хойд хөрш рүүгээ бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой гэсэн үг. Гэвч гааль, татварын хөнгөлөлт үндэсний үйлдвэрлэгчдэд байхгүйгээс гадагш бараа борлуулж ашиг олохоосоо илүү, татвар төлж их хэмжээний зардал гаргадаг байна. Иймээс л эх орны үйлдвэрлэлээ дэмжиж, иргэд үндэсний үйлдвэрлэлээ сонгодог байх эсвэл төр үндэсний үйлдвэрлэгчдээ бодитоор дэмжих шаардлага тулгарчээ.

Д.УУДАМ

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна