Шенгений бүсийн хилийн хяналтын тооцоог ЕХ гаргалаа

2016 оны 2 сарын 5

Фото: Oliver Dietze / dpa / Globallookpress.com

 

Шенгений бүсэд багтдаг 26 орны хилийн хяналтыг эргүүлэн тогтооход Европын холбоо 100 тэрбум евро  зарцуулах шаардлагатай гэж Францын засгийн газрын эх сурвалж хэлснийг The Independent сонин дамжуулжээ. Тухайлбал хилийн хяналтыг түр хугацаагаар тогтооход улс орнуудын худалдаа 20 хувиар, жуулчдын урсгал 38 хувиар буурах ажээ.

 

Өнгөрсөн оны сүүлчээр хилийн хяналтаа Герман, Австри, Франц, Швед, Дани, Норвеги хэсэгчлэн тогтоосон юм.  Одоо үйлчилж байгаа хуулиар тийм арга хэмжээг хагас жилийн хугацаатай авч болно. Тиймээс Европын эрх баригчид хоёр жил болгон хуулиа өөрчлөх талаар ярьж байгаа гэнэ.

 

Европын холбооны орнууд хилийн хяналтаа хоёр жил болгон  тогтоох асуудлыг ирэх тавдугаар сард Еврокомисст хандан тавих нь бараг ойлгомжтой болоод байна хэмээн Данийн Цагаачдын асуудал хариуцсан сайд Класс Дижхоф мэдэгдсэн байна.  Гэхдээ ЕХ нь дүрвэгсдийн урсгалыг хязгаарлаж чадаагүй нөхцөлд  дээрх асуудлыг шийдэх ажээ.

 

Паспорт, визийн хяналтыг хялбарчилсан Шенгений гэрээ нь анх 1985 оны зургадугаар сарын 14-нд байгуулагдаж эхлээд Бельги, Нидерланд, Люксембург, Франц, Герман гэсэн таван орон нэгдсэн юм. Одоо уг гэрээнд Европын 26 орон багтжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна