Татварын хөнгөлөлтийн хугацааг сунгаач

2016 оны 2 сарын 5

Иргэд жилийн турш төлсөн татварынхаа үр шимийг жилдээ ганц удаа хүртдэг нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт юм. Жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хоёрдугаар сарын 15-ны дотор харъяа татварын албандаа цөөнгүй тооны материал бүрдүүлж байж тэрхүү хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх эрх үүсдэг.

Уншигч та өнгөрсөн жилийн турш  авсан цалин,  хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө  борлуулсны  орлого, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого, урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, шууд бус орлогуудаасаа татвар төлсөн бол тэрхүү татварынхаа тодорхой хувийг буцаан авах эрхтэй. Ингэхдээ тухайн жилдээ байр орон сууцанд орсон, хувийн эзэмшлийн байр сууц барьсан, эсвэл үр хүүхэд нь гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж буй иргэдэд  хөнгөлөлт эдлэх боломж нээгддэг юм. Хамгийн чухал нь Хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэдэд л эрх нээгдэнэ. Нийгмийн даатгалаа хувиараа төлдөг иргэд энэхүү хөнгөлөлтийг авах эрхтэй мэтээр ташаа ойлгох нь бий. Гагцхүү хувь хүний орлогын албан татвар төлсөн хүн л энэ хөнгөлөлтийг эдэлдэг гэдгийг эхэнд тодотгох нь зүйтэй болов уу.

Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг иргэдэд олгох тухай хуулийн шинэчлэл 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэн эхний жилүүдэд хөнгөлөлт чөлөөлөлтийн талаарх мэдээлэл хомс, иргэд ч цөөн хандаж байж. Харин сүүлийн жилүүдэд барилгын салбар хөгжихийн хэрээр орон сууцанд орох, байр байшин барих иргэдийн тоо өссөн байна. Ийн иргэд олноороо орон сууцанд орох боломж бололцоог ипотекийн зээлийн систем олгож байгаа нь эргэлзээгүй.  2013 онд 48 мянга гаруй иргэн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж, 23.5 тэрбум төгрөгийн буцаан олголт авч байсан бол  2014 онд  71 мянга гаруй иргэнд  44 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт олгож, хөнгөлөлт эдэлсэн иргэдийн тоо огцом нэмэгджээ. Татварын  хөнгөлөлтөд хамрагдах иргэний тоо жил тутамд хамгийн багадаа 10-11 мянгаар нэмэгддэг гэсэн тооцоог татварынхан гаргажээ.

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд анх удаа хамрагдаж байгаа иргэн 12 төрлийн бичиг баримт материал бүрдүүлдэг. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт авахын тулд 6-10 төрлийн материал бүрдүүлэхийг шаарддаг. Тэрхүү материал бүгд иргэний гарт бэлэн байдаггүйн дээр ялангуяа  орон сууцны зээл авсан хүмүүсийн хувьд арилжааны банк, ипотекийн корпорациас ч  бүрдүүлэх бичиг баримт бий. Бүрдүүлсэн материал болгоныг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг гээд тооцвол  хүмүүс нэг бус өдрийг татварын хөнгөлөлтийн материал бүрдүүлэхэд зарцуулж байна.

Энэ жилийн хувьд цаг хугацаа дэндүү давчуу байгааг иргэд шүүмжилж байгаа юм. Хөнгөлөт чөлөөлөлтийн бичиг баримтыг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүлээн авдаг ч энэ жилийн хувьд шинэ жилийн амралт гурав хоног үргэлжилж, нэгдүгээр сарын 4-ний өдрөөс ажил алба эхлэх ёстой. Гэтэл манай төрийн албаныхан яадаг билээ, өглөө ирж золгонгуутаа өдөр нь алга болчих жишээний.  Нөгөөтэйгүүр хуульд заасан хугацаанд сар шинийн баярын өдрүүд тохиож, хоёрдугаар сарын 9-11-ны өдрүүдэд бүх нийтээр амрах юм. Хоёрдугаар сарын 8-ны битүүн, хоёрдугаар сарын 12-ны баасан гаригт л татварын алба ажиллахаар байгаа ч иргэдийн хувьд сар шинийн өдрүүдэд татварын алба руу бичиг баримт бүрдүүлэх гэж очих боломж хомс билээ. Чухам тиймээс татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн материал хүлээн авах хугацаагаа сунгаач ээ гэсэн шаардлагыг олон иргэд хэлж байна.

Нөгөөтэйгүүр татварын байцаагч нарт ч цагаан сарын өдрүүдэд олны хөлд дарагдан ажиллах, хүмүүсийн уур уцаар дунд “баярлах” хүсэл төрөхгүй нь мэдээж. Тиймээс Гааль, татварын ерөнхий газар болоод Сангийн яамныхан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн материал бүрдүүлэх хугацааг яаралтай сунгах, амралтын өдрүүдийг нөхөж ажиллахад анхаарах цаг болжээ. Хэдийгээр татварынхан “Манайхан аливааг цагийг нь тулгаж байж хөөцөлддөг. Нэгдүгээр сард хүн цөөн байсан. Өнгөрсөн долоо хоногт ч  бид бараг хүнгүй шахам суусан” хэмээн шүүмжилж байгаа ч энэ жилийн хувьд цаг хугацаа дэндүү тулгамдуу байгааг бодолцох нь зүйтэй болов уу. Ялангуяа нийслэлд, тэр дундаа Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн татварын албанд хандах иргэдийн тоо урьд жилүүдээс олон зуугаар өссөн байх жишээтэй. Аливаа хууль, дүрэм, журам олны эрх ашгийн төлөө үйлчилдэг болохоор татварын хөнгөлөлтийн хугацааг сунгахад татгалзах зүйлгүй санагдана.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна