С.Баярцогт: Их өрийн асуудлыг дуусгах хариуцлагатай үүрэг хүлээсэн

2016 оны 2 сарын 5

Оросын Дум өнгөрсөн сарын 27-ны өдөр Монголын талын өрийг цуцлах хууль баталж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путин 2 дугаар сарын 1-нд уг хуульд гарын үсэг зурснаар Монголын өрийг цайруулах гэрээ баталгаажсан. Энэхүү өрийг цайруулах хэлэлцээр өнгөрсөн 2010 онд явагдсан бөгөөд уг хэлэлцээрийг ахалж хийсэн хүн бол  монголын талаас тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт. Гэрээний дагуу 174.2 сая ам.доллар буюу нийт өрийн 97,8 хувийг тэглэхээр болсон бөгөөд уг гэрээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоос тодрууллаа.

-Монголын өрийг Москва цайрууллаа гэсэн мэдээлэл цацагдах болсон. Монголчуудын хувьд сайхан мэдээ. Энэ сайхан үйл явдлын эхлэлийг тавихад таны хувь нэмэр их байсан гэж онцолдог юм билээ?

-2008-2012 оны Хамтарсан Засгийн үед би улсаа төлөөлж гурван чухал хэлэлцээрт оролцсон. Нэгдэх нь ОУВС-гийн Стэнд бай хөтөлбөр, хоёрдахь нь Оюутолгой төсөл, гуравдахь нь Оросын өр. Гурвуулаа амжилттай болсон. Хамтарсан Засгийг байгуулах үед Монгол Улс хоёр оронд өртэй байсан юм. Нэг нь Оросын Холбооны Улс, нөгөө нь Финланд Улс. Уг өрийн асуудал хамтарсан Засгийн хугацаанд бүрэн шийдэгдсэн гэж хэлж болно. Ялангуяа Оросын Холбооны Улсад төлөх ёстой социализмын үеийн их өрийн үлдэгдлийг бүр мөсөн тэглэх тохиролцоог Оросуудтай хийхэд амар байгаагүй.  

-Их өрийг 2003 онд тэглэсэн юм биш үү?

-“Монросцветмэт нэгдэл”-тэй холбоотой 124.6 сая шилжих рублийн өрийг хүүгийн хамт тухайн хэлэлцээрээр зохицуулаагүй орхисон юм байна лээ. Энэ асуудлыг сөхөж Улаанбаатарт Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан тэр яг өдөр Оросын Сангийн сайдын орлогч Стамбулд болсон Олон Улсын Валютын Сангийн ээлжит чуулган дээр Монгол Улс 175 сая ам.долларын өртэй гэж мэдэгдсэн байсан. Илүү тодорхой хэлбэл, ОХУ-ын Сангийн дэд сайд Д.Панкин Монгол Улс ОХУ-д 180 сая шилжих рублийн өртэй. Өрөө төлөхгүй бол Парисын клубээр энэ асуудлыг шийдүүлнэ гэсэн.

-Оросууд Оюутолгойд орох хүсэлтэй байсан гэсэн. Тэгээд эсэргүүцлээ ингэж илэрхийлсэн байж болох юм?

-Шууд тэгэж хэлж мэдэхгүй юм. Олон улсын хэвлэлүүд ч тухайн үед тийм таамаг дэвшүүлж байсан. Оросууд Оюутолгойг сонирхдог байсан. Харин Монгол Улс Англи, Австрали, Канадын компанитай гэрээ байгуулахаар эсэргүүцлээ ингэж илэрхийлснийг үгүйсгэхгүй. Ямар ч байсан Д.Панкины мэдэгдлийн дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ хэлэлцээрийг хийх үүргийг надад өгсөн. Ингээд Оюу толгойн хэлэлцээр дөнгөж дуусаад шууд оросын талтай хэлэлцээрт орсон. ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайд А.Кудрин болон дэд сайд Д.Панкин нартай Москва, Улаанбаатар, Вашингтон хотод хэлэлцээр хийсэн. Хэлэлцээр жил гаруй үргэлжилсэн бөгөөд үүний үр дүнд “Монросцветмэт”-тэй холбоотой 162 сая ам.долларын өр, клирингийн өр болох 10 сая ам.доллар, нийт 174.2 сая ам.долларын өрийг “Их өр”-ийн зарчмаар буюу 97.8 хувийг хүчингүй болгох гэрээг байгуулсан. Үлдсэн 3.8 сая ам.долларын өрийг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор нэг удаагийн мөнгөн төлбөрөөр төлөхөөр болж, хоёр орны Сангийн сайд нар ОХУ-ын Москва хотноо 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурсан юм.

-Өр тэглэх асуудал 6 жилийн өмнө шийдэгдсэн юм байна шүү дээ. Тэгээд яагаад сая л В.Путин ёсчлон баталгаажуулж байгаа юм бол?

-Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлэж гарын үсэг зурсан гэрээг Думаар хэлэлцэж батлаад, тэндээс гаргасан шийдвэрийг нь Ерөнхийлөгч баталгаажуулдаг ёстой. Тэр л процедураар явсан. Өр тэглэх асуудал бол 2010 онд шийдэгдсэн, тэр үед В.Путин Оросын Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Харамсалтай нь зургаан жил үргэлжиллээ.

-Ямартай ч Монгол улс энэ их хэмжээний өрнөөс саллаа. Одоо бид 30 хоногийн дотор 3 сая ам.доллар төлөх ёстой болж байна уу.

-Монголчууд “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэдэг. Социализмын үеийн бүх өрийг дарж дууссанд бүх монгол хүний адил баяртай байна. Хэлэлцээр анх өрнөж байх үед 70:30 гэсэн саналаар эхэлж байсан. Олон ч удаагийн яриа хэлэлцээрт орж байж, манай улсад ашигтайгаар шийдэгдсэн. 97.8 хувийг буюу 174.2 сая ам.долларыг чөлөөлнө гэдэг асар том боломж шүү дээ. Бид үлдэгдэл гурван сая долларыг төлөх үүрэгтэй.

-Та энэ талаар “Монгол Улсын Сангийн сайдууд” номондоо дурдсан байсан?

-Тиймээ. Тэр номыг Сангийн яамнаас эрхэлж 2011 онд гаргасан байдаг. Хэлэлцээрийг ахалж, болсон процессийг мэдэж байгаа хүний хувьд үнэн зөв түүхийг үлдээе гэж бодсон юм. Яг юу болсон, ямар хэлэлцээр хаана өрнөсөн бэ гэдгийг мэдэж байгаа хүний хувьд олон түмэндээ хуваалцъя гэж бодож тухайн үед бичиж байсан юм. Энэ бол манай улсын хувьд маргаангүй түүхэн хэлэлцээрүүдийн нэг. Мэдээж хэлэлцээр амаргүй байсан. Оросын талаас өмнө нь их өрийг барагдуулахад маш таатай боломжийг гаргаж өгсөн. Гэтэл хоёр дах удаагаа дахин ийм боломж гаргах нь бараг үгүй байсан. Амаргүй хүнд хэлэлцээрийн цаана гарахад ЗГХЭГ-ын ахлах референт Н.Буяндэлгэр, Сангийн яамны өрийн хэлтсийн дарга Д.Ангар, дэд сайд Т.Очирхүү, Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал, Элчин сайд Д.Идэвхтэн болон ЭСЯ-ны ажилтнууд онцгой үүрэг гүйцэтгэж байсан. Монголын төр, ард түмэн энэ хүмүүст талархах ёстой.

2008-2012 онд та гурван том хэлэлцээр ахалсны нэг ОУВС-тай хийсэн хэлэлцээр байсан гэлээ?

Оюутолгойн гэрээнээс өмнө Сангийн сайдын хувьд эдийн засгийн хямралыг зогсоохоор “Стэнд бай”  хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Олон улсын багтай Валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Японы Засгийн газар гээд маш олон багтай хэлэлцээр хийж амжилттай болгосон. Тэр үед манай эдийн засаг есөн хувийн нэмэх өсөлтөөс 1.3 хувийн хасах руу унасан байсан. Үүнийг бид 17.5 хувь болгож өсгөж чадсан юм. Маш эрчимтэй эдийн засгийн өсөлтийг бий болгож чадсан. “Стэнд бай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн цөөхөн  орны нэг гэсэн өндөр үнэлгээг ОУВС-гаас авч байлаа.

-За, Танд энэ түүхэн хэлэлцээрийг амжилттай дуусгасанд баяр хүргэе. Бас их баярлалаа.

Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна