Олон түмний юу бодохыг би шийднэ

2016 оны 2 сарын 5

Худлаа ярьдаггүй улс төрч гэж үгүй. Гагцхүү ор мөргүй дэгс авах, өөрийн талд ашигтай байдлаар гуйвуулах, булзааруулах, хариулахаас зайлсхийх, үнэн мэт дүр эсгэх, бага зэрэг мушгих гэхчлэн хир хэмжээ, хэлбэр галбираараа л ялгаатай. Бусдаар бүгд ижил. Улайх ч үгүй залж орхих нь тэдний мэргэжлийн онцлог.

Харин тэр худлааг нийтэд хүргэдэг нь сэтгүүлчид.

Хэдэн жилийн өмнө сэтгүүлч Д.Оюунцэцэг “Худалч нь хэвлэл үү, улс төрчид үү” нийтлэлдээ  сэтгүүлчид “улс төрчдийн үнэн худал ярьсныг тэр даруйд нь салгаж ялгахад бэрхтэй” тухай дурдаад худалчдын золиосонд хэвлэлүүд гайтах вий хэмээн асуудал дэвшүүлж байсан юм. Тэгвэл өнөөдрийг харцгаая. Гайтдагаа гайтаад гайтуулсан тэд маань бидний ажлын талбар дээр танго эргэж байх шив.

Улс төрч бол олон нийтийн санаа бодлыг судлаад тандалтын том багуудтай тэдний юу хүсч байгааг ярих дүрэмтэй. Харин сэтгүүлчид бол дэвтэр, үзэгнээс өөр чадалгүй бодит үнэнийг мэдээлэх мэргэжлийн үүрэгтэй. Ийм эсрэг тэсрэг дүрэм журамтай хоёр тал тулаанд орсон юм. Дайнд улс төрчид ялсан нь илт. Ялсан баатрууд хойно дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх нь хир биз. Хэвлэлийн тайзан дээр эдүгээ “үнэн бодит”-г хүргэх учиртай сэтгүүлчид биш “үнэн мэт худал ярих” дүрэмтэй улс төрчид реалити шоу тавьж байна.

Гол дүрийн бурхинуудын тоглолт эхлээ ч үгүй байгааг бодолцоорой. Одоохондоо бид үндсэн шоуны өмнө халаалт хийдэг сайн дурынхныг үзэж байна. Гол дүрүүд хөшигний ард нүүр будалтаа хийж суугаа. Сар шинэ өнгөрүүт тэдний тоглолт эхэлнэ. Хэрэг явдал цэгцэрч, хэн хаана дэвших хийгээд дэвшихгүй асуудлууд тодорхой болмогц жинхэнэ мэргэжлийнхэн тайзан дээр заларна. Өрнөл тайлал гээд шоу оргилдоо хүрэхийн цагт олон түмний сэтгэл аль хүрч хөвсөлзөхийг би таашгүй.

Иргэн Кэйн гэж 1941 онд бүтээгдсэн Холливуудын алдарт киног санаж байна уу. Хэвлэлийн магнат, популист улс төрч Кэйний “ОЛОН ТҮМНИЙ ЮУ БОДОХЫГ БИ ШИЙДНЭ” хэмээсэн алдарт ишлэл бий. Ямартаа ч ирэх сонгуулиар олон түмний хэрхэхийг улс төрчид маань шийдчих санаатай өдөр шөнөгүй тандаж буй цаг.

Улс төрчид ялж, сэтгүүлчид ялагдсан тулааныг глобал шинжтэй гэж барууны нэг профессор дүгнэж. Америк, Англи, Орос, Хятад, Солонгос гээд хаа газрын сэтгүүлчдийн зовлон ижил. Хир хирээрээ л “үнэн бодитой” байх гэж улс төрчдийн баширлалтай үзэлцсээр. CNN-н Жэйк Тайпэр Jake Tapper “Тиймээ, бид амаргүй цаг үед ажиллаж байна. Үнэн бодитой гээд мэдээлсэн маань алдаа байх нь бий. Ийм нөхцөлд бид нэн даруй алдаа хийснээ хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлал гуйдаг байх хэрэгтэй” гэжээ. ABC-н Жорж Степанополиус George Stephanopoulos улс төрчидтэй ярилцахдаа баримтын үнэн худлыг нягтлах төхөөрөмж ашигладаг болжээ. Иймэрхүү арга технолог хэрэглэх явдал нэмэгдсээр байна. Америкийн  үзэгчдийн аравны есөн хувь нь энэ үзэгдлийг дэмжиж байгаа юм. Politifact.com улс төрчдийн хэлсэн үгийг нягтлаад “үнэн талдаа”, “хагас нь үнэн”,  “ихэнх нь худлаа”, “худлаа”, “ор мөргүй худал” хэмээн ангилж нийтэд хүргэхээр чармайж байна. Трампын хир худалч болохыг хэлж орхидог энэ арга бас муугүй.

Бидний гайтсан тухайд

Сэтгүүл зүй худалч улс төрчдийн балгаар “гайтаж” ирсэн нь хоёр учир шалтгаантай:

Нэгдүгээрт, хараат хэвлэл мэдээлэл давамгайлж байна.

Хоёрдугаарт, улс төр өөрөө олныг цэнгүүлэх шоу хэлбэр лүү шилжиж буй. “Улс орноо хөгжүүлэх” хүсэлтнүүд олширсоор буй тул ялгарах амаргүй болж байна шүү дээ.

Сэтгүүлч Д.Нарантуяа хэвлэлүүд “бараг бүгд өрсөлдөөнөөр биш улс төр, бизнесийн бүлгийн мөнгөн хангамжаар амьдардаг” гэсэн нь баримтыг нягталдаг, үнэн бодитой сэтгүүл зүйд орон зай тун бага байгааг баталжээ. Хараат бус гэгддэг цөөхөн редакцууд хүртэл эдийн засгийн хараат байдлын хүлээсэнд дэн дун амьдарч яваа.

Нөгөө талаар, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бас нэг үүрэг нь олон нийтийг цэнгүүлэх явдал. Энэ бол үзэгч хэрэглэгчдээ татах хамгийн чухал төрөл. Нийтийн хошуурч буй хэсэгт маркетерууд мөнгөө хаяна. Гэвч жинхэнэ цэнгээнт шоу бүтээхэд маш их өртөгтэй. Бидэнд мөнгө алга Mongol HD-н “Авъяаслаг Монголчууд”-г эс тооцвол. Тиймээс сайн дураараа, зарим нь бүр боломжийн үнэмшилтэй жүжиглэчихдэг улс төрчдөд найдахаас аргагүй. Улс төр бол реалити шоуны хамгийн хэмнэлттэй хэлбэр.

Гүндалайгийн клипийг гуравхан хоногийн дотор 300.000 хүн үзжээ. Энэ нь нийт телевиз үзэгчдийн тооноос даруй хэдэн арав дахин их үзүүлэлт. “Мартагдсан улс төрчийн өөрийгөө сануулах ядарсан арга” хэмээн control.mn сайт дүгнэж. Дүгнээд зогссонгүй клипийг нь үзүүлэн олонд хүргэхэд хувь нэмрээ орууллаа.

Цаашдаа яана гээч. Гүндалайн клип шиг “цэнгүүлэх” хэлбэрийн “зөөлөн” агуулгууд юу ч биш. Инээд наргиа болгоод өнгөрнө гэж саная. Залгуулаад ул суурьтай бэлтгэсэн, мэргэжлийн “хатуу самар”-ууд шил шилээ даран бэлтгэгдэж байгааг дээр цухас хэлсэн. Хичнээн имрээд ч үнэн худлыг нь батлах аргагүйд хүргэдэг шинэ шинэ технологууд тун хурдтай нэвтэрч байна. Уг нь ийм тоглолтууд үзэгч уншигчдыг “хашир” суулгаж олон эх сурвалжийн дундаас бие даан дүгнэлтээ хийх эрхийг хангадаг сайн талтай. Гэлээ ч бидний хичнээн нь далд, ёж утгыг тайлан унших хүртлээ хашир суусан билээ дээ.

Энэ бүх шоуг аргагүйн эрхэнд дамжуулж суугаа сэтгүүлч бүрийг зүрхээ худалдчихсан гэвэл худлаа. Зуун хувь хараат редакцид ажиллаж амьдралаа залгуулдаг хир нь “эрх чөлөөт зүрхтэй”, үгүйдээ л “хараат бус” оршихыг чин зүрхнээсээ мөрөөдөгчид улам олон болж буй нь үнэн шүү.

Хүчтэний дэргэд хүчгүй нь

Сэтгүүлчдийн “үнэт бодит”-н, улс төрчдийн “үнэнийг гуйвуулах”-н төлөөх хүч тэнцвэргүй тулаанд сэтгүүлчдийн тал хэдийнэ сульдаж орхисон нь үнээн.

Худал үгийг мянга давтахад үнэн болдог гэдэг. Үнэн гэдэг өөрөө хир “нарийн”, “олон талт” асуудал болохыг энэхүү ардын мэргэн үг гэрчилнэ. Улс төрчид “үгээ” хэзээ, яаж хэлэх нь шинжлэх ухаан болтлоо хөгжчихсөн цаг. Сэтгүүлчид үнэн худлыг нягтлах хооронд өөрсдийн хараат хийгээд мэдээний гачаалд автсан хэвлэлүүдээр мянга, бүр түүнээс ч олноор давтчихаж амжина. Өнөө сэтгүүлч дэвтрээ сугавчилж гүйсээр арай хийн  нягтлаад үнэнийг хэлэх цагт туниа муутай хоолойг нь сонсох хүн харин хэд билээ. Хүмүүс сонсъё гэснээ л сонсдог бус уу.

Улс төрчид хамгийн башир мэдэгдлүүдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээний оргил цагийг тулган тараах технологтой.

Харин хамгийн башир шийдвэрүүдээ баасан гаригийн оройхон гаргадаг учиртай.

Худалчуудын их сунгааны өмнө...

Сэтгүүлчид улс төрчдөөс хараат оршдог нь нууц биш. “Томоохон эх сурвалж”-тай ойр байх нь ур чадварын үзүүлэлтийн хэмжээнд үнэлэгддэгийг тэд андахгүй. Энэ зовлонг маань хэрхэн ашиглах, яаж шийтгэхээ ч сайн мэднэ. Ихээхэн цор цор хийсэн редакцийн Төрийн ордон орж сурвалжлах эрхийг ямар нэг шалтаг олоод хаачихад л дуусаа. Уг нь тэд ч биднээс хараат. Тоглох тайзыг нь бид л бэлдэж өгдөг шүү дээ.

Ганбаа худлаа ярьж гэж саная. Түүнийг нь аль нэг сонин нягтлалгүй нийтэлсэн нь илэрч. Ийм нөхцөлд улс төрчид яадаг гээч. “Худалдагдсан сэтгүүл зүй”-н алдааг олны нүдэн дээр хоолой нийлүүлэн илчлэн буруушаана. Тэгээд ялсан баатрын дүр эсгэн салхи сэвэлзүүлэн алхаж оддог улс.

Худалчуудын их сунгаа ингэсгээд эхэлнэ. Сэтгүүлчид бид бага гайтах ямар арга бий билээ?

  1. Үнэнийг нягтлахдаа тэдний өөрсдийнх нь үзүүлэх “баримт” гэхээсээ дотоод учир шалтгааныг нь ухах нь зүйтэй. Саяхан МАХН-н дарга, экс нарийн бичгийн дарга хоёрын мэтгэлцээн хэмээх реалити шоу үргэлжилсэн. Улс төр гэдэг дүрэмгүй тоглолтод оролцоод мэхлэгдэж орхисон нэгний нулимс мэлтгэнэсэн харц мартагдаж амжаагүй л байна. Гүйлгэнэсэн тэр харцууд гээнэдээ ч гоонодоо ч гэдгийн үлгэрийг сануулаагүй гэж үү.

  2. Сэтгүүлчид өөрсөддөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Бидэнд тэд “эх сурвалж”-нхаа хувьд хэрэгтэй шиг тэдэнд сэтгүүлчид ч бас “ус агаар” шиг хэрэгтэй. Тиймээс бид “үнэн бодитой” мэдээлэх үүргийнхээ төлөө наймаалцаж сурвал яасан юм.  Жишээ нь, шууд нэвтрүүлгээр орсон улс төрч маань юу юугүй залаад эхэллээ гэж бодъё. Арга тасран сонсч суухын оронд худлаа яриад эхлүүт нь, асуултаас бултах мөчид нь эсвэл булзааруулах үед нь эргэлзэж буй тайлбараа хийгээд нэвтрүүлгээ зогсоож орхи.

  3. Хараат бус сэтгүүл зүйн амьд домог гэгддэг Жэйк Тэйпэрийн дүрмийг санацгаая. “Үнэн бодит” мэдээллийг “хамгийн шуурхай” хүргэх бидний ажил амаргүй. Хэн ч алдаж болно. Алдаа гаргасан бол гүрийх хэрэггүй. Хууртаж орхисоноо нэрэлхэлгүй хүлээж орхи. Үзэгч уншигчаасаа уучлал гуй. Тэд бидний чадлаараа хичээж буй зовлонг ойлгоно оо. Хамгийн гол нь, бид хамтдаа байгааг мэдрэх нэр төрийн хэрэг бус уу.

Эцэст нь нэр дэвшигчээ шагнах уу, эсвэл шийтгэх үү гэдгийг сонгогч л шийднэ. Тэр сонгогчдод бид ядаж л “гадартай” биш “дотортой” жүжигчдийг танилцуулахсан.

С.ЭНХЦЭЦЭГ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна