Төсвийн байнгын хороо хуралдлаа

2016 оны 2 сарын 5

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2016.02.05/ үдээс өмнө хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул төслийг нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсаныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Дараа нь сонгууль зохион байгуулах ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух болон зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй юм. Иймд Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Мөн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэж буй Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр тус байнгын хорооны даргыг орлон хуралдааныг даргалан явуулсан Л.Эрдэнэчимэг гишүүний зүгээс ажлын хэсгээс тодруулга авч, хууль хоорондын зөрчлийн талаар анхаарч ажиллахыг хүссэн юм. Тодруулгын дараа гишүүдээс хуулийн төсөлтэй холбогдуулан өөр санал гаргаагүй тул байнгын хороогоор хэлэлцүүлсэн тухай санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна