Турк Сирид довтлохоор зэхэж байна гэв

2016 оны 2 сарын 5

 

Турк хил дээр цэрэг, техникээ төвлөрүүлж Сири рүү довтлохоор зэхэж байна хэмээн Москва мэдээлжээ. Өмнө нь Туркийн ерөнхий сайд Ахмед Давутоглу Лондон хотноо Сирид тусламж үзүүлэх олон улсын бага хурлын үеэр ОХУ-ыг дайны гэмт хэрэгт  буруутгасан байв. Мөн Оросын тагнуулын онгоцыг Сиритэй хил залгаа Туркийн газар нутаг дээгүүр нисэх зөвшөөрлийг Анкара өгөөгүй аж. Үүний улмаас  ОХУ Туркийг Сирийн хилийн ойролцоо ямар нэгэн сэжигтэй зүйл төлөвлөж байна хэмээн хардах болжээ. Турк өнгөрсөн арваннэгдүгээр сард Оросын байлдааны онгоцыг сөнөөснөөс хойш хоёр орны харилцаа муудаад байгаа юм. 

 

Сирийн хил дээр Туркийн цэрэг, зэвсэг техник төвлөрүүлж байгаад Пентагон, НАТО, хүний эрхийн байгууллагууд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаад гайхаж байна хэмээн Москва мэдэгджээ. Энэ талаар Туркийн гадаад хэргийн яамнаас мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

 

Үүний зэрэгцээ ОХУ Сири дэх агаарын цохилтоо зогсоохоос татгалзсан нь зөрчил мөргөлдөөнийг энхийн яриа хэлцлээр шийдвэрлэх бодолгүй байгаагийн илрэл хэмээн НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгдсэн байв. Ерөнхийлөгч Башар аль-Ассадын хүсэлтээр ОХУ өнгөрсөн есдүгээр сараас хойш Сирид “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаарын цохилт хийж байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна