Хүүхэд хамгааллын хуулийг хэлэлцэв

2016 оны 2 сарын 5

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09 цаг 56 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Тус байнгын хорооны дарга Д.Батцогт орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул энэ өдрийн байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа даргалав. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийв

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байгаагүй тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалд явуулсныг  хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Мөн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байгаагүй тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 100 хувийн саналаар дэмжив.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.11.02-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Мөн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, төслийн 25-р зүйлд “тухайн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний болон аймаг, нийслэлийн Засаг даргын багцад нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Ингэснээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна