Хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн болон анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

2016 оны 2 сарын 5

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.02.05/ хуралдаан 10 цаг 17 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүнээс энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, байнгын хорооны ажлын хэсэг болон бусад байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, С.Бямбацогт нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Оюун нар зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналынхаа үндэслэлийн талаар гишүүдэд нэмэлт тайлбар өгсөн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт 2020 он гэхэд Улаанбаатар хотын утааг арилгах санал төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн нь хэрэгжих хэр боломжтой, үүнийг 2025 он гэж өөрчилбөл ямар вэ, мөн зөвхөн утаа гэхгүйгээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгах гэж өргөн хүрээнд авч үзэх нь зүйтэй биш үү гэдгийг тодруулсан юм.

Гишүүний асуултад уг зарчмын зөрүүтэй саналыг гаргасан Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр өгсөн хариултдаа, энэ зорилтыг хэрэгжүүлэх бүрэн боломж бий, юуны өмнө хий, эрчим хүчний асуудлыг шийдэх замаар нүүрснээс салах ёстой. Гол нь Засгийн газар, салбарын яам, нийслэлийн удирдлагууд энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах нь чухал. Иймээс анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн саналыг дахиж хөндмөөргүй байна гэлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг найрлагынх нь хувьд олон жилийн дундаж үзүүлэлтээр авч үзвэл 2020 он гэхэд утааг арилгах боломж бий гэдгийг хэлсэн юм.

Ингээд чуулганаар нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулах, найруулгад нь анхаарах талаар хуралдаан даргалагчаас чиглэл өгсний дагуу тогтоолын төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулж найруулгын шинжтэй зарим засвар нэмэхээр болов. Мөн үзэл баримтлалын төслийн нэрнээс “урт хугацааны” гэснийг хасч оновчтой болгох саналыг дэмжлээ. Түүнчлэн уг тогтоолын төслийн хэрэгжих хугацаа нь ердийн журмаар байх нь зүйтэй гэж тогтов.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын санаачилж өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэсэн юм. Иймээс чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, найруулгын чанартай зарим засварыг нэмж тусгалаа.

Мөн эцсийн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй зарим саналын томьёоллоор санал хурааж хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэсэн юм. Тухайлбал, хуулийн төсөл дэх “сонгогч” гэсэн бүх үгийг “иргэн” гэсэн үгээр солих, мөн төслийн 7 дугаар зүйлийн “Санал асуулгаар тавигдаж байгаа асуудлаар ард нийтэд таниулах, мэдээллээр хангах асуудлыг Улсын Их Хурал болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцна” гэсэн 7.5 дахь хэсэгт “Засгийн газар, бүх шатны Засаг даргын Тамгын газар” гэж нэмж оруулахаар болов.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын санаачилж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд цаашдаа дэгийг хуулиар биш Улсын Их Хурлын тогтоолоор баталдаг, ингэхдээ шинээр байгуулагдсан Улсын Их Хурал дэгээ батлаад тогтвортой мөрддөг байх, түүнчлэн дэгийн өөрчлөлтийг парламент дахь олонх цөөнхийн харьцаа, намын бүлгүүдийн төлөөллийг оролцуулж шийддэг байх нь зүйтэй гэсэн саналаа хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж үлдээх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд хуулийн төслийн зүйл, заалттай холбогдуулан найруулгын чанартай зарим засварыг нэмж тусгах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна