Орон сууц худалдан авсан хөрөнгөө заавал тайлагнана

2016 оны 2 сарын 5

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт эдлэх иргэд энэ сарын 15 ний дотор шаардагдах бичиг баримтаа бүрдүүлж өгөх үүрэгтэй. Нэгдүгээр сарын нэгнээс эхэлсэн татварын хөнгөлөлтийн материалыг хүлээн авах хугацаа хоёрхон хоног үлдсэнийг сануулъя. Энэ жил татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн холбогдох материалыг хүлээх авах хугацаа сар шинийн баярын өдрүүдтэй давхацсан учир иргэд яаравчлах хэрэгтэй байна. Гэхдээ Гааль, татварын газраас иргэдийн материалыг хүлээн авах хугацааг сунгах эсэхийг хэлэлцэж байгаа аж. Энэ жил татварын хөнгөлөлт эдлэх иргэдийг төөрөгдүүлсэн нэг асуудал нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Энэ хууль хэрэгжиж эхлээд орлогын эх үүсвэрээ тайлагнах шаардлагагүй болсон гэж ойлгох иргэд байсан.  Зарим татварын байцаагчид ч Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 2015 оны дөрөвдүгээр сараас өмнө байшин барьж, байр худалдан авсан иргэд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нуусан орлогоо тайлагнасан бол заавал орлогын эх үүсвэрийн баримтаа өгөх шаардлагагүй, бүртгүүлэх эрхтэй болсон тухай тайлбарлаж байлаа. Гэвч энэ нь эцэслэн шийдэгдсэн албан ёсны хуулийн заалт биш байсан аж. Сангийн яам, Гааль, Татварын газраас томилогдсон ажлын хэсэг татварын хөнгөлөлт эдлэхээр ирсэн иргэд орон сууц худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрийн тайланг хэрхэн авах талаар хэлэлцээд хуучнаараа заавал орон сууц худалдан авсан хөрөнгийн баримтаа тайлагнах ёстой гэсэн шийдвэрийг гаргажээ.

Жил ирэх бүр шинэ орон сууц худалдан авсан, байшин барьсан, оюутныхаа сургалтын төлбөрт төлсөн мөнгөнийхөө тодорхой хувийг авах иргэдийн тоо нэмэгдэх болжээ. Өнгөрсөн онд гэхэд улсын хэмжээнд нийт  71 мянган 493 иргэн, 44.1 тэрбум төгрөгийг төлсөн татвараасаа буцаан авсан байна. Харин энэ жил ойролцоогоор 82 орчим мянган иргэн татварын хөнгөлөлт эдлэх урьдчилан тооцоолол гарчээ. 2014 онд татварын хөнгөлөлт эдэлсэн иргэний тоо 2015 онд 12 орчим мянгаар нэмэгджээ. Энэ онд мөн л татварын хувь буцаан авах иргэний тоо 10 орчим мянгаар өсөх хандлагатай байгааг, өглөөнөөс орой хүртэл харьяа татварын хэлтэс дээрээ дугаарлан зогссон иргэдээс харж болох юм.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна