Б.Балгансүрэн дарга аа, сонгон шалгаруулалт яагаад гацчихав аа?

2016 оны 2 сарын 5

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулан орон даяар болон тухай орон нутагт өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, гэрээ байгуулах, эрх олгох сонгон шалгаруулалтыг өнгөрсөн оны наймдугаар сард зарласан. Харин Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа нэг сар байсан бөгөөд есдүгээр сард нь сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй телевизүүд материалаа хүргүүлсэн. Сонгон шалгаруулалтын үнэлгээний хороо хуралдаж, сонгон шалгаруулалтаа хийн, гишүүн бүр гарын үсгээ зурж баталгаажуулсан боловч өнөөг хүртэл тодорхойгүй шалтгаанаар уг сонгон шалгаруулалтын ажил гацчихаад байна. Сонгон шалгаруулалтын дүнг танилцуулах ажил холбогдох хуулиараа бол аль хэдийнэ танилцуулаад дуусчихсан байх ёстой. Орон даяар аль телевиз нь өргөн нэвтрүүлэг цацах эрхтэй болсон тухай хариугаа хүлээсээр удаж байгаа юм. ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэнгийн хувьд ямар учир шалтгаанаар уг тендерийн дүнг танилцуулахгүй байгаа нь одоог хүртэл асуулт хэвээр байна. Тэр ч утгаараа олон нийтийн болоод телевизүүдийн хардлагыг төрүүлсээр байгаа нь нууц биш юм. Хэрэв сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны гишүүдийн баталгаажуулсан дүнг өөрчлөх оролдлого хийвэл тэр нь холбогдох хууль дүрмийг зөрчиж, цаашлаад гэмт хэргийн шинж чанартай үйлдэл болох болно. Тиймээс ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэнг энэхүү сонгон шалгаруулалтын дүнд өөрчлөлт оруулж, хувийн үзэмжээр хандахгүй байх гэдэг найдлага телевизүүд дунд байсаар байна.   

Б.ОРХОН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна