ИЗНН “хадамд” гарлаа

2016 оны 2 сарын 5

Ардчилсан намын гэрлэх саналыг ИЗНН хүлээн авахаар боллоо. Тэд гэрлэхийн өмнө “сүй тавих” ёслолоо буюу санамж бичгээ өнөөдөр байгуулав. Ингээд ИЗНН “хадамд” гарч ургийн бичгээ АН-аар овоглохоор болж байгааг Л.Эрхэмбаярын хэлсэн “ИЗНН-тэй нэгдлээ гэхэд АН-ын нэрээр явна” гэх үг баталж байгаа юм.

Инж хөрөнгө муутай ИЗНН хувьд баян “эр”-ийн өвөр бараадах нь зөв ч байх.  Өнгөтэй, мөнгөтэй ганц нам бол өнөөдөр АН.  Тэгээд ч тэс өөр үзэлтэн биш болохоор АН, ИЗНН хоёр ойлголцоход илүү дөхөм ч байсан байж болно.

АН-аас тавьсан саналд анх ИЗНН-ынхан “үгүй” хэмээн намжирдаж байсан боловч, нас зүсээ бодсон ч тэр АН-аас өөр “гэрлэх санал” тавих “эр” олдохгүйгээ ч тооцсон байх.

Ингээд тун удахгүй “хуримаа” хийх “хос хоёр”-тоо буюу АН, ИЗНН хоёрын алсын үйлс, “амьдрал”-ынх нь замд аз жаргал хүсье.

АН араншин муутай. Эргэж буцамтгай, эв эеийг нь олоход хэцүү гэдгийг эрхбиш ИЗНН тооцсон биз. Ингэлээ гээд ИЗНН-д сонголт байхгүй. Олон “эр”-/олон намтай салж, нийлсэн/ийн өвөр дамжсан ИЗНН-ыг АН харин ч “тоож” байгаа нь их юм шүү дээ.

 А.ШАРХҮҮ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна