Чулуутай мах

2016 оны 2 сарын 5

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Байгаль ээж” хүнсний захын махны бөөний төвөөс нэгэн иргэн сар шинийн бууз, баншаа хийхээр гулууз мах худалдан  авсан байна. Гэтэл махны цээжний хөндийд сэмжинд нь 5.2 кг чулуу боож хийсэн байжээ. Эл хэргийн дагуу хохирогч холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан ч хаанаас ирсэн, хэн зарсныг нь тогтоож чадаагүй байгаа аж.

Мөрөн сумын мал эмнэлэг үржлийн тасгаас мах худалдсан иргэнд хандан хууль бусаар иргэдийг хохироосон үйлдэл хийсэн иргэнийг олж өгөхийг шаардаж, олдохгүй бол өөрт нь хариуцлага хүлээлгэхийг анхааруулжээ.

Махны ченжүүд иргэдээс ирсэн махыг бөөнөөр нь худалдан авч иргэдэд зардаг тул хаанаас ирсэн мах болох нь тодорхойгүй байгаа аж. Мөн хөлдөөсөн сүүнд ус хольсон тохиолдол гарч байгаа тул иргэдийг мах, сүү худалдан авахдаа анхаарал болгоомжтой, гарал үүслийн бичигтэй иргэдээс худалдан авалт хийхийг холбогдох байгууллагуудаас анхааруулан сэрэмжлүүлжээ.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна