Дэгийн хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Дэгийн хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаггүйгээр үргэлжилж байна. Чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч дууссаны дараа Монгол Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа.

УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачилсан энэхүү хуулийн төсөлд хэлэлцэх асуудал хуульд заасан хугацаатай бол УИХ дахь нам, эвслийн бүлэг завсарлага авах эрхгүй гэсэн заалт байсныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд зөөлрүүлж, энэ асуудлаар бүлэг завсарлага хүссэн нөхцөлд хурал даргалагч хугацаа тогтоож завсарлага өгч байхаар болж, өөрчлөгдлөө. Улмаар энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Мөн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хуулийн төслийг 97.9 хувийн саналаар дэмжин баталсан юм.

Дээрх хуультай дагалдаж орж ирсэн Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийн 53.6 хувийн саналаар, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийн 97.8 хувийн саналаар дэмжлэг хүлээн тус, тус батлагдлаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 100 хувийн, Нийгмийн халамж үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 100 хувийн саналаар, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 90 хувийн саналаар, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийн 93 хувийн саналаар батлагдлаа.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, гишүүдийн 70.7 хувийн саналаар, Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих болон цагаачлах эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийн 93.2 хувийн дэмжлэг тус тус хүлээн батлагдлаа.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж