Монгол хүүхдүүд эрхээ хамгаалуулах хуультай боллоо

2016 оны 2 сарын 5

Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг өнөөдөр /2016.02.05/-ийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж, баталлаа. Эдгээр хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д 2015 оны тавдугаар сарын 11-ний өдөр өргөн барьсан бөгөөд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахлан ажиллаж, өргөн хүрээнд хэлэлцүүлэг, судалгааны ажлыг зохион байгуулсан билээ. Тухайлбал, хоёр хуулийн төсөл дээр иргэд, олон нийтийн саналыг нэлээд өргөн хүрээнд авах ёстой гэж УИХ дахь эмэгтэй гишүүд болон Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих лобби бүлэг үзсэний үндсэн дээр анх удаа орон даяар “Хүүхдийн эрхийн ногоон карт” аяныг өрнүүлж, хүүхэд, эцэг, эх, багш нарын саналыг хүлээн авч, хуульд тусгасан юм. Ингэснээрээ энэ парламентын түүхэнд иргэд олон нийтийнхээ саналыг хамгийн ихээр тусгасан хууль боллоо.

Гурван хүн тутмын нэг нь хүүхэд хэмээн бүртгэгдсэн манай улсад нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлээс шалтгаалан хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа. Тухайлбал, 2014 онд гэмт хэргийн улмаас 817 хүүхэд гэмтэж, 101 хүүхэд амиа алдсан бол зам тээврийн осолд 1212 хүүхэд өртөж, хурдан морины уралдааны үеэр 621 хүүхэд мориноосоо унасан байна. Түүнчлэн шүүхээс 1151 хүүхэд ял, шийтгэл сонсч, 10.100 хүүхэд аюултай, хүнд хэлбэрийн хөдөлмөрийн мөлжлөгт өртжээ. Ийнхүү хүүхдийн эрх зөрчигдөх үед түүний эрхийг хэрхэн сэргээх вэ, учруулсан хохирлыг нь хэрхэн барагдуулах вэ гэх мэт асуудал Эрүүгийн болон бусад хуулиар зохицуулагдаж байдаг ч гэлээ хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, ялангуяа сэтгэлзүйд учирсан хохирлыг арилгах, тухайн хүүхдийн сэтгэлзүйг хэвийн байдалд оруулахад процессын хууль зайлшгүй хэрэгтэй байна гэж үзсэн. Тийм учраас Хүүхэд хамгааллын тухай хуулийг УИХ хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Хүүхдийн эрхийн талаар тунхагласан суурь хуулийн зэрэгцээ процессын хуультай болсноор цаашид Монгол Улсад хүүхдийн эрхийг дээдлэх талаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болно. Эдгээр хууль батлагдсанаар нэгдүгээрт, Монгол улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хангах үндэсний тогтолцоо бий болно. Хоёрдугаарт, аливаа хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэн хамгаалах вэ, мөн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ зэрэг харилцааг зохицуулж байгаа юм. Гуравдугаарт, монгол улсад хүүхдийн эрх, хамгааллын талаар эрх зүйн цоо шинэ орчин бий болж буйг хууль санаачлагчид онцоллоо.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна