Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл хийв

2016 оны 2 сарын 5

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.02.05. Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын гишүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, цагаан сарын өмнө ипотекийн зээлийн хүү 8 хувь байгааг 5 хувь болгох, мөн тэтгэвэрийн болон малчдын, үйлдвэрлэлийн зэрэг бүх төрлийн зээлийн хүүг бууруулах асуудлын талаар тодотгосон бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар өвөлжилт хүндэрч байгаа аймгуудын нөхцөл байдал ямар байгааг асуусан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өгсөн хариултдаа, УИХ дахь МАН-ын бүлгээс бүх төрлийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажиллаач ээ гэсэн хүсэлт, санал, шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Энд бодлогын том зөрүү байгаа. Учир нь хэрэглээний зээлийг дэмжсэнээр эдийн засгаа улам муудуулахын зэрэгцээ буруу жишиг тогтоно. Мөн энэ нь эргээд эдийн засгийн макро үзүүлэлтүүд дээр сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Харин үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн, ажлын байрыг шинээр бий болгох, импортыг орлосон шинэ эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэх дээр тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч явуулна. Энэ үндсэн дээр өнгөрсөн өдрүүдэд Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайдад өгсөн даалгаварын дагуу малчдын 30 хувийн өндөр хүүтэй зээлийг малчны үйлдвэрлэлийн зээл болгож, үзэл санаа, үйл ажиллагааг нь өөрчлөөд энэ чиглэлийн ажлуудыг хийгээд явж байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар тодорхой шийдвэрийг гаргасан. Нийт нутгийн өвлийн ерөнхий явцтай холбогдуулан яаралтай арга хэмжээнүүдийг Засгийн газраас цаг тухайд авч байна. Он дөнгөж гараад 2.4 тэрбум төгрөг нөөцөөс гаргаж аймгуудад эхний ээлжинд хуваарилан, 6500 тонн өвс үнэгүй хүргэх, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хүргэх ажлыг зохион байгуулсан. Увс болон бусад өвөлжилт хүндэрч байгаа аймгууд руу илүү чиглэсэн 1.2 тэрбум төгрөг, 4500 тонн өвсний хуваарилалт хийлээ. 20 гаруй машин зохицуулалт хийсэн. Нэмж тодорхой хэмжээний машинуудыг хэрэгцээтэй байгаа аймаг, сумад хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Олон улсын байгууллагууд бас хандаж байна. Тодорхой аймаг, сумдад олон улсын байгууллагуудын санал болгож байгаа тусламж, дэмжлэг, бусад үйл ажиллагааг чиглүүлэх зорилготой ажиллаж байна гэлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд үргэлжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна