М.Намсрай: Бэчин жилийн үр агуулга эвгүй тул хичээн сэрэмжилж яваарай

2016 оны 2 сарын 5

Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, шар зурхайч Мэргэд сонгоол Минчиндоржийн Намсрайтай ярилцлаа.

Тэрээр бичин жил бус бэчин жил гэж бичих ёстойг сануулна лээ.

-Хэдхэн хоногийн дараа бэчин жил гарлаа. Өнгөрсөн түүхийн бэчин жилүүдийн онцлогийг та хэрхэн дүгнэж байна?

-Эрт эдүгээгийн “Бэчин” жилийн түү­хэн зурлагаас харж байхад бидний монголчууд “Журамт боол” болон доромж­логдох, улааныг үзэж урваж, шарыг үзэж шар­важ, улс гүрнээ алдах, өөр хоорондын эвдрэл, тэмцэл, хагарал их гарч байсан учир “Муу нигур-үрт” хэмээн гал (улаан) бэчин жилээ нэрлэж дээ гэж бодогдох.

“Муу нигур” гэдгийг “Муу нүүр” гэж өнгөц ойлгох биш, үр агуулга эвгүй тул хичээн сэрэмж­лэх гэсэн далд утгаар нягтлан бодож, давхар санааг онон барьж, хичээн­гүй­лэн сэрэмжилж явахыг хойч үедээ захижээ гэмээр байна.

Шар зурхайн ёсны мөрөө гаргах зан үйл нь байгалийнхаа хуультай зүг чигтэй дээд зэргээр зохицолдсон байдаг юм. Түүний жишээг миний цаг тооны бичгээс харж болно.

-Энэ жилээс “Цаг тооны бичиг”-үүд нэг хоногоор зөрж, Цагаан сарын шинийн нэгэн аль нь вэ гэсэн эргэлзээ дахин давтагдах нь ээ?

-Өвөг Монгол тоолол буюу Монгол шар зурхайгаа баримталж шинэлдэг Монголоо алдаагүй хүмүүс хоёрдугаар сарын 7-нд битүүлээд, 8-ндаа золгоцгооно. Тангад Түвдийн тооллыг барьж төөрөлдөж яваа хүмүүс нэг хоногоор хоцорч шинэлэх бололтой. Үнэн худлыг ялган мэдэхийг хүсвэл 9-ний орой 18 цаг 44 минут хүртэл тэнгэрт харагдах шинийн 2-ны сарыг хараарай. Нийт ард түмнээ яг энэ “Алтан агшин” дээр үнэн худлыг таньж мэдээд нэгдсэн санаатай болж авахгүй бол 2017 онд бүтэн сарын зөрүүтэй Цагаан сар ирж байгааг урьдчилан хэлье.

-Яагаад одоог хүртэл зөв буруугаа ярилцаад нэг өдөр хийж болдоггүй юм бэ?

-“Өвгөдийнхөө өв их соёл дээр нэгдэцгээе” гэж 25 жил тасралтгүй үгээ үнэгүйдүүлэх шахам хэлж, үзгээ үзүүрийг нь мохтол бичлээ дээ. Олон арван ярилцлага өгч, чамлахааргүй хэдэн ном бүтээж, жил бүрийн “Цаг тооны бичиг” тасралтгүй гаргаж, хад уулан дээрх археологийн үүх түүхэн дээрх архивын олон арван баримтан дээр хэр чинээнээсээ хэтэрсэн судалгаа хийсээр, хүч чадлаа үрсээр явна. Яагаад ийм байдалд хүрэв гэвэл 300-400 жилийн үхширмэл үзэл суртлын үлдэгдэл амилан тэнхээжиж байгаа цаг үеийн дайрлага, гавьяагүй гавьяатуудын гайнаас болж байгаа юм. Өнөө жил хонь, бэчин жилээ таньсан ч юмгүй баахан зуд ярьж, олон амьтны амь үрж, улаан хядлага хийцгээв.

-Таны хонин жилийн цаг тооны бичиг надад байна. Байгаль цаг уурын үзэгдлүүдийн ихэнх тохиолдол таарч байдаг. Тэгэхээр шар зурхай алдаж хэлдэггүй гэсэн үг биз?

-Тиймээ би өөрөө зохиож, худал ярьж явдаг хүн биш. Харин гариг эрхэс, уламжилж ирсэн өвгөдийн зурхайдаа тү­шиг­лэн цаг тооны бичгээ жилийн өмнөөс хийдэг.

Тухайлбал, хонин жилийн өвлийн сүүл сард Увсын Тэс, Зүүнговь, Малчин, Хяргас, Завханы Эрдэнэхайрхан, Дөрвөл­жин, Ургамал, Сантмаргац, энэ үеэр Завханы Тосонцэнгэл 45 хүртэл хүйтэрч Баянхонгорын Баянговь, Алтайн Өвөрговь, Шинэжинст, Баацагаан сумын нутгаар ихээхэн цас унана гэдгийг сар өдрөөр нь тэмдэглэн бичсэн байгаа. Тиймээс малчид миний хийсэн цаг тооны бичгийг хараад бэлтгэлээ базааж, урдчилан сэргийлэхэд л болох юм.

Хүмүсийн дунд “Бэчин жилийн зуд” гэдэг мөнхийн ойлголт байдаг болохоор зуд болж магадгүй гээд түгшээд байх шиг байна. Түүхэн он цагаас харахад дандаа Бэчин жилд ч зуд болоод байгаа юм биш. Аль ч жилд болдог л зуд. “Төгс буянт”-ынхан жилийн жилд  хүмүүсийн анхаарал татах гэж янз бүрийн цуу яриа гаргадаг. Өвөл цас орно, зун бороо орно гэх шахуу юм хэлж харагддаг.

-Олон зурхайч хоорондоо ялгарах юмгүй “Цаг тооны бичиг” гаргах юм. Таных харин олон агуулга багтааснаараа онцлогтой байна?

-“Цаг тооны бичиг” олон гарч байгаа нь үнэн. Харагдах хавтсаараа өөр боловч доторхи тоолол, үг үсэг нь Манжийн хааны зарлигтай Төгс буянт түвд зурхайг бүгдээрээ хуулаад тавьчихдаг юм шүү дээ. Баримт хэрэгтэй гэвэл төвдөөр бичигдсэн ལོ་བརྒྱའི་ལོ་ཋོ།    ( སྤྱི་ལོ་  1951-2050) ийм нэртэй номыг жишээ болгон танд үзүүлж байна. (номоо харуулав)

Би бол “Хүннү-Чингис”-ийн үеэс, бүр цаашилбал элин галавын үеэс Архангай аймгийн Чулуут голын, Өвөрмонголын Монь уулын, Мэргэн Туньюукын хадан дээрх бичиг, Чингис хаан чиглүүлсэн, Хубилай хаан хуульчилсан Манжийн хаан ч, Мао Зэ Дун ч тэр өөрчилж чадаагүй, өнөөгийн Хятад “Манайх” гэж хэлж зүрхэлдэггүй “Дорнын” гэдэг ерөнхий нэрээр дэлхий дахинд танигдсан жинхэнэ язгуурын Монгол зурхайг орчин үеийн шинжлэх ухааны ололтоор баяжуулан хийж, “Монгол шар зурхайн цаг тооны бичиг” гаргасаар ирлээ.

-Та жил болгон ус цаг уур, байгалийн үзэгдлээс гадна улс орны байдал, улстөрчдийн тухай урьдчилж бичдэг. Өнөөгийн төр засгийн талаар ямар бодолтой байна вэ?

-Өнөөдөр бид Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга, Ноён уул гэх олон мянганы турш шүтээн болгож хадгалсан түүхэн бахархалаа гадаадын гар хөлөөр үрэн таран хийлгэснээрээ билэгдэлзүйн утгаар бодвол хий морь унасан, хоо­сон буянд итгэсэн, өөрийн “Толгой”-гүй болсон ард түмэн гэдгээ дэлхий нийтэд харуулж байгаа юм. Богд мэргэдийн лүндэнд буусан “Баруун зүгээс ирсэн шарман шар царайтнууд Монголын цогт эрдэнийг хулгайлна” гэсэн үг биелж байна.

“Төр” гэсэн түмэн үеийн шүтээнтэй хүн. Би ингэж хэлж, ингэж бичиж чадаж байгаагаа Ардчиллын буян гэж боддог.          Тиймээс бид ардчиллаа хайрлаж, хамгаалж зөв зүйтэй авч явах ёстой. Улстөрийн нам хүчний хувьд би “Хоёулаа миний хүү” гэсэн санаагаар тэтгэн дэмжиж явахсан гэж боддог юм.

Зурхайч гэдэг чинь эмч, багш хүн шиг цэвэр ёс суртахуунтай байх ёстой гэсэн аавынхаа захиасыг хадгалж өдий зэрэгтэй хэлсэн үгтэй, хийсэн юмтай явж байна даа.


Зурхайч М.Намсрай манай эриний өмнөх 999 оноос, нийтийн тооллын 2000 гаруй жилийн доторхи “Бэчин” жилүүдийн дэлхий дахины товч түүхийн онцлогийг судласан байна.

“БЭЧИН” ЖИЛҮҮДИЙН ТҮҮХЭН ЗУРЛАГА

Манай эриний өмнөх 999 оноос, нийтийн тооллын 2000 гаруй жилийн доторхи “Бэчин” жилүүдийн дэлхий дахины товч түүхийн онцлогийг цухас дурьдахад ийм ажээ.

3000 жилийн “Бэчин” жил бидний Монголчуудын хувь заяанд “сэхэл мөхөл”-ийн дэнсэн дээр явж ирснийг харуулж байгаа бөгөөд дараалан ирэх ирээдүйн Бэчин жилийн аяг араншин ч иймэрхүү л байх нь гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.

Манай эриний өмнөх бэчин жил

2 хар мэнгэтэй хар бэчин жил, 685 он. Уулын Руны сураг гарав.

7 улаан мэнгэтэй харагчин тахиа жил, 672 он. Олон Ди нэгдэж, Бэйди улс байгуулагдав.

8 цагаан мэнгэтэй цагаан бэчин жил, 601 он. Цагаан Ди Бэйдигээс салав.

6 цагаан мэнгэтэй цагаагчин хонин жил, 590 он. Персийн аугаа их Кир (Куруш) төрөөд дөнгөж 2 ой хүрч байхад 84 жил болсон Бэйди улс 4 ногоон мэнгэтэй шарагчин тахиа жил, 588 онд мөхөж байв.

8 цагаан мэнгэтэй шар бэчин жил, 529 он. Аугаа их Кир (Куруш) тэнгэрт гарав.

5 шар мэнгэтэй хөх бэчин жил, 265 он. Жоу улсын Ли Му жанжин Хүннүг ялав.

2 хар мэнгэтэй цагаан бэчин жил, 181 он. Модун Шаньюй Хятад руу довтлов.

6 цагаан мэнгэтэй харагчин хонин жил, 158 он. Гүнчин Шаньюй Хан улс руу довтолж

4 ногоон мэнгэтэй улаагчин тахиа жил, 156 он. 4-р сард 2 дахь “Энх ураг”-ын гэрээ байгуулав.

8 цагаан мэнгэтэй хар бэчин жил, 133 он. Гүнчин Шаньюй Хан улсад цөмрөн оров.

Манай эриний бэчин жил

Манай эриний 1-р он буюу Монгол тооллын 962 онд 1 цагаан мэнгэтэй цагаагчин тахиа (төмөр) жил Хан улсын Айди хан тэнгэрт гарав.

Нийтийн тооллын 13 онд 7 улаан мэнгэтэй харагчин тахиа жилд Үжүлү Шаньюй тэнгэр болж, 14 оны 6 цагаан мэнгэтэй хөх нохой жилийн хавар, Хан улс, Хүннүтэй “Энх ураг”-ийн гэрээ байгуулж, Хүннүг - Гунну буюу “Журамт боол” болгов.

8 цагаан мэнгэтэй шар бэчин 48 он. Өмнөд Хүннү нутагт нь их ган зуд болсон тул Хан улсыг өөрийн эрхгүй дагав.

5 шар мэнгэтэй улаан бэчин жил, 96 он. Фэнхоу Шаньюй арван түмэн цэргээр 5-р сард (Зуны дунд сар) Хятад руу довтлов.

5 шар мэнгэтэй хар бэчин жил, 132 он. Сүмбэчүүд Хан улс руу довтлов.

8 цагаан мэнгэтэй улаан бэчин жил, 156 он. Сүмбэ – Сяньбичууд Хүннүгийн ор суув.

5 шар мэнгэтэй шар бэчин жил, 168 он. Сяньбичуудын довтолгооон эхлэв.

2 хар мэнгэтэй цагаан бэчин жил, 180 онд, Римийн Марк Аврелий, 1 цагаан мэнгэтэй цагаагчин тахиа жил, 181 онд Хятадын алдарт хаан Таньши Хуай тэнгэрт гарав.

2 хар мэнгэтэй цагаан бэчин жил, 360 он. Хүннүгийн сураг Дон мөрний сав газарт гарав.

4 ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа жил, 385 он. Жужаны 1-р он.

8 цагаан мэнгэтэй шар бэчин жил, 408 он. Хүннү нарын Ульдин Ван тэнгэр болж, Октер хаан Шаньюй болов.

2 хар мэнгэтэй шар бэчин жил, 468 он. Адил хааны хүү Денгизик амжилтгүй дайтаж, тэнгэр болсноос хойш Европын түүхэнд Хүннүгийн сураг тасарчээ.

2 хар мэнгэтэй цагаан бэчин жил, 540 он. Түрэгийн сураг гарав.

8 цагаан мэнгэтэй хар бэчин жил, 552 он. Амгай хан хорлогдож, Нируны хямрал даамжирав.

8 цагаан мэнгэтэй шар бэчин жил, 588 он. Түрэгийн Журбага тэнгэр болж, Тухан хаан тодров.

5 шар мэнгэтэй цагаан бэчин жил, 600 он. Тухан тэнгэр болж, Кимин хаан тодров.

2 шар мэнгэтэй цагаан бэчин жил, 720 он. Культегин Билэгхааны мандал бадрал

8 цагаан мэнгэтэй хар бэчин жил, 732 он. 7-р сарын 27-нд Европчууд – Арабыг ялав. (Одоо бидний үед ч 1284 жилийн дараа “Исламын улс”-ын эсрэг тэмцэж байна)

8 цагаан мэнгэтэй цагаан бэчин жил, 840 он. Уйгар мөхөж, Киргизийн Ажо тодров.

5 шар мэнгэтэй хөх бэчин жил, 924 он. Бохой Зүрчидийг авч, Солонгос Силлагийн сураг гарав.

8 цагаан мэнгэтэй шар бэчин жил, 948 он. Киданчууд Цин улсыг довтлов.

8 цагаан мэнгэтэй хөх бэчин жил, 1164 он. Хавт Хасар, Билгүүтэй нар төрөв.

1 цагаан мэнгэтэй шарагчин тахиа жил, 1189 он. Чингис хаан өргөмжлөгдөж, Хаан төрийн итгэлт хүн Елюй-Чуцай төрж, Английн Генрих II тэнгэрт одож байжээ.

2 хар мэнгэтэй хөх бэчин жил, 1224 он. Чингис хаан Хорейзмийг мөхөөж, Сартуулаас нутаг буцахаар завдаж байв.

5 шар мэнгэтэй шар бэчин жил, 1248 он. Сүбээдэй баатар 73 насандаа, Гүюг хаан тэнгэр болов.

2 хар мэнгэтэй цагаан бэчин жил, 1260 он. Хубилай Кайпинд хаан болсноо зарлав.

8 цагаан мэнгэтэй шар бэчин жил, 1308 он. Хайсан-Хүлэг хаан суув.

5 шар мэнгэтэй цагаан бэчин жил, 1320 он. Аюурбуянт хаан тэнгэр болж, Тогоонтөмөр хаан төрөв.

2 хар мэнгэтэй шар бэчин жил, 1368 он. Хятадын бослого Тогоонтөмөрийг Халх руу хөөв (нутаг буцав).

8 цагаан мэнгэтэй цагаан бэчин жил, 1380 он. Мингийн цэрэг довтолж, Монгол их хохиров.

2 хар мэнгэтэй цагаан бэчин жил, 1440 он. 1-р сард Москвагийн их ван Иван төрөв.

8 цагаан мэнгэтэй хар бэчин жил, 1452 он. Агаваржин жонон, Тайсун хаан тэнгэр болж, алдарт Да-Винчи төржээ.

8 цагаан мэнгэтэй шар бэчин жил, 1488 он. Хятад руу элч илгээж байх үед Барсболд (ихэр) төрөв.

2 хар мэнгэтэй шар бэчин жил, 1548 он. Дарайсун хаан төрөв.

2 хар мэнгэтэй хөх бэчин жил, 1584 он. 3-р сарын 8-нд Оросын дошгин Иван хаан тэнгэрт гарав.

5 шар мэнгэтэй 1608 он. Ойрдын Хо-Өрлөг, Далай тайш Орос руу одож, төрсөн нутгаасаа нүүр буруулав.

2 хар мэнгэтэй цагаан бэчин жил, 1620 он. Ойрд, Хотгойд, Увшийн элч Москвад зэрэг очив.

5 шар мэнгэтэй хөх бээчин жил, 1644 он. Эрх хонгор Эжи тайж тэнгэр болж, Оросууд Байгаль нуур руу ирэв.

5 шар мэнгэтэй цагаан бэчин жил, 1680 он. Манж бодлого Халхад эрчимжив. Олон ардын эсэргүүцэл нэмэгдэв.

5 шар мэнгэтэй цагаан бэчин жил, 1716 он. Цэвээнравдан хаан Түвдийг эзлэн суув.

2 хар мэнгэтэй шар бэчин жил, 1728 он. 6-р сарын 14-нд “Хиагтын гэрээ” байгуулагдав.

5 шар мэнгэтэй хар бэчин жил, 1752 он. Даваач Зүүнгарын хаан болов.

8 цагаан мэнгэтэй улаан бэчин жил, 1776 он. 7-р сарын 4-нд Америкийн Нэгдсэн улс тусгаар тогтнолоо зарлав.

2 хар мэнгэтэй цагаан бэчин жил, 1800 он. Сэцэн хааны ардууд 43 зүйлээр заалдав.

2 хар мэнгэтэй шар бэчин жил, 1908 он. Манжийн Цзянтянь тэнгэрт гарав.

5 шар мэнгэтэй шар бэчин жил, 1968 он. Америкийн Нэгдсэн улс сар луу тэмүүлж байхад Манжийн хэвт ёсны Сюаньтун тэнгэрт гарав.

2 хар мэнгэтэй цагаан бэчин жил, 1980 он. Америкийн Нэгдсэн улсын ерөнхийлөгч Рейган буудуулж шархдав.

 

Ардчилсан засаглалын бэчин жил

1956 оны 8 цагаан мэнгэтэй гал улаан бэчин жилтэнгүүд:

Т. Бадамжунай, Миеэгомбын Энхболдтой Улаанбаатар хотын газрыг барах шахсан гэсэн хэл аманд оров.

Санжийн Баяр Оюутолгойг 2009 оны аравдугаар сарын 6-нд Айвенхоу Майонез-д өгснөөр зэс төмрийн хорлол болж, 2009 оны аравдугаар сарын 26-ны 6 цагаан мэнгэтэй хөх нохой гэдэг Зуны сүүл сарын шинийн 9, есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр, 1 дэх буюу “Саран” гарагт, 5 дугаартай “Хонгорцог” одонд мориноос унаж, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлаа өгснөөр улс төрийн жагсаалаас гарав.

Д. Дондог даруу төлөв харагддаг энэ хүн залилангийн хэрэгт орж, улс төрийн тавцангаас бүрмөсөн арчигдаж, “хэцүү нэрт”-д оров. Үеийнхэн дотроосоо УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж явна.

1968 оны 5 шар мэнгэтэй шар бэчин жилтэнгүүд:

Ч. Хүрэлбаатар, Су. Батболд нар ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж явахад, жил нэгтэй У. Хүрэлсүх УИХ-ын гишүүний нэр хүндийг унагаж, хүн зодсон тул өөрийн хүсэлтээр ажлаа өгч байв.

Хамгийн хачирхалтай нь Ардчилсан намынхан дотор бэчин жилтэй УИХ-ын гишүүн байхгүй байна.

5 шар мэнгэтэй 2004 оны хөх бэчин жилийн сонгуулийн үед:

1 цагаан мэнгэтэй улаагчин туулай гэдэг Хаврын дунд сарын шинийн 4, хоёр хар мэнгэтэй хар бэчин өдөр, Ардчиллын гурван нам нэгдэж “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулав.

2004 оны зургаадугаар сарын 27, долоон улаан мэнгэтэй улаан морь гэдэг Зуны дунд өнөр баян сарын 10, гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр, 7 дахь буюу “Наран” гарагт, 18 дугаартай “Зургаан эхтэй хүү” одонд УИХ-ын сонгууль болж, Ардчилсан нам олонхийг бүрдүүлсэн билээ.

2004 оны долдугаар сарын 22, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь гэдэг Зуны сүүл сарын шинийн 6, таван шар мэнгэтэй хар барс өдөр, 4 дэх буюу “Бадрангуй цагаан тэнгэр”-ийн гарагт, 15 дугаартай “Дэлгэрүүлэгч” одонд МАХН, Ардчилсан нам зөвшилцөж, 2004 оны наймдугаар сарын 13-нд Намбарын Энхбаярыг УИХ-ын дарга болгосны дараа 19-нд нь Харвардыг төгсөж ирсэн Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгосноор сонгуульд эвсэл болж орсон гурван нам “Эрэл”-ийн Б. Эрдэнэбат:

-Тооноор орж ирсэн хүнийг ерөнхий сайд болголоо гэж ихэд бухимдсанаас эв тасарч, 2004 оны арванхоёрдугаар сарын 18-нд 1 цагаан мэнгэтэй улаан хулгана гэдэг Өвлийн дунд сарын шинийн 7, есөн улаан мэнгэтэй цагаагчин хонин өдөр, зургаа дахь буюу “Асрагч” нэрт гарагт 24 дугаартай “Үнэг” одонд “Эх орон - Ардчилал”, эвсэл задарч, УИХ-д бүлэггүй болж, Ардчилсан нам АХ намын өвөрт орон улс төрийн байр сууриа алдаж байв.

Х.МОНГОЛХАТАН

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна