Залуусын бизнесийг дэмжинэ

2016 оны 2 сарын 5

 

Хөдөлмөрийн сайд, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан салбарынхаа асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр “Мэргэжлийн боловсролын салбар 14 жилийн хугацаанд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг дагаж мөрдөж ирсэн. Харин одоо цаг үеэсээ шалтгаалаад тус хуулинд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулж байна. Одоогоор мэргэжлийн боловсролын 87 сургуульд 45 мянган оюутан суралцаж байна.  Сургалтын чанар, материаллаг баазыг сайжруулахад энэ хууль чиглэгдэнэ. Мэргэжлийн сургуулиудын 70 гаруй хувь нь дадлага дээр суурилагддаг тул оюутан залуучуудын дадлага хийх сонирхлыг төрүүлж идэвхитэй байх зорилгоор сургуулийн материаллаг баазыг аль болох нэмэгдүүлэх юм.

 

Ингэхдээ улсын төсөвт дарамт учруулахгүйгээр сургуулиуд бие даан санхүүгийн орлого олох боломжийг нээж өгсөн. Мөн их, дээд сургууль төгссөн залуучууд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хөрвөж суралцах боломжийг нээж байна. Үүний зэрэгцээ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуульд их, дээд сургуульд суралцаж буй оюутан шилжин суралцаж ингэснээр хос мэргэжилтэй болж насан туршийн боловсролыг олж авах боломжтой болж байгаа. Мөн үнэлгээний төв байгуулж байгаагаараа онцлогтой. Өнөөдрийн байдлаар цөөнгүй залуучууд гадаадад сурч, ажиллаж байгаа. Эдгээр иргэд эх орондоо эргэн ирээд чадавхиа тухай үнэмлэхээ авах боломжийг нээж өгч байгаагаараа онцлогтой юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль нь бичил бизнес, өрхийн бизнесийг дэмжиж өгнө. Ингэснээр бичил бизнесийг албан бусаас албан сектор болгох улмаар санхүүгийн тусламж үзүүлэх боломжтой болж буй юм. Бичил бизнесийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжинэ гэсэн үг.  Өмнө нь тодорхой хязгаарууд байсан учраас хүндрэл байсан. Одоо бол ямар нэгэн хүндрэл, хязгаарлалт саадгүйгээр дэмжлэг авах боллмжтой болж байна.

 

Үүний дараас сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэр их хэмжээний зээл олгож байна? Мөн зээл олгох шалгуур нь хэр өндөр байдаг вэ?

 

-2012 оноос хойш Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зээл олгож ирлээ. Одоо бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Аж, үйлдвэрийн яамнаас зээл олгож байгаа. Харин манай яамнаас бичил бизнесийг дэмжих зээлийг олгоно. Өмнө нь 5-10 сая төгрөгийг хоёр жилийн хугацаатай өгч байсан. Одоогийн хуулиар бол тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хөдөлмөрийн хэлтсээрээ дамжуулан зээл олгоно. Ингэснээр иргэн өөрийн боловсруулсан төсөл хөтөлбөрийг төрийн дэмжлэгтэйгээр санхүүжүүлж болно.

 

Ингэхдээ бид заавал 5-10 сая төгрөг гэхгүйгээр уян хатан нөхцөлөөр зээл олгож дэмжинэ. Энэ сардаа багтаагаад манай яамнаас залуусын хөдөлмөр эрхлэлт, бичил бизнесийг нь дэмжих зорилгоор өөрсдийн тавьж буй зорилтоо зарлана. Залуусынхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс тодорхой хэмжээний хөрөнгийн хуримтлал бий болгоно. Ингэснээр залуус маань бизнес эрхэлж өөр, өөртөө ажлын байр бий болгох ажил олгогч болох цаашлаад хөдөлмөрийн зах зээлд эдийн засгийн нөлөө үзүүлэх болно.

 

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн эрх зүйн орчныг шинэчилснээр ямар өөрчлөлт гарна гэж та харж байгаа вэ?

 

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд улсын төсвөөс санхүүжээд явж байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй үед улсын 37 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг явуулахад бэрхшээл гарч байна. Өнөөдрийн байдлаар бид МСҮТ-д сурдаг оюутнуудынхаа тэтгэлгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас өгч байгаа. МСҮТ-ийн үйл ажиллагаа нь өөрөө онцлогтой. Тухайлбал, сургалтын програмын 30 гаруй хувь нь онол, 70 хувь нь практик дадлага байдаг. Манай УИХ-ын гишүүдээс “МСҮТ-ийн залуусын 70 хувьд нь дадлага хийж байгаа хөдөлмөрийг нь үнэлэх ёстой” гэсэн санал ирсэн. Энэ үүднээс бид МСҮТ-ийн оюутнуудын 70 гаруй хувьд нь дадлага хийж байгаа үнэлэмжийг тодорхой болгох үүднээс орлого олох бололцоог нь нээж өгч байгаа.

 

Энэ бол асар их ач холбогдолтой. Тухайн оюутан ур чадвараа дээшлүүлэн ажиллаж орлого олно. Бид мөн “Үнэлэмжийн төв”-ийг шинээр бий болгож байгаа. Гагнуурчины мэргэжил эзэмшээд ирсэн иргэнээс уг төв дээрээ зохих хэмжээний шалгалтыг нь аваад мэргэжлийн үнэмлэхийг нь олгоно. Энэ бол хөдөлмөрийн зах зээл дээр дотоодын үндэсний мэргэжлийн боловсролтой залуусыг хөдөлмөрийн харилцаанд оруулахад их үүрэг гүйцэтгэх юм.

 

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн хүрээнд нэг аж, ахуй нэгжид хэдэн төгрөгийн зээл олгох боломжтой вэ. Зээлийн хүү болон эргэн төлөгдөх нөхцөл ямар байх вэ?

 

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ хуулиар эрх зүйн орчныг их уян хатан болгож өгсөн. Тухайн зээлийг олгохдоо банкуудын дунд сонгон шалгаруулалт зарладаг. Одоогийн байдлаар 13 гаруй тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банк болон Капитал банкаар дамжуулан олгож байгаа. Аж, ахуй нэгж, хувь иргэд уг зээлийг авч байгаа. Нөхцөл нь өнөөдөр хэрэгжиж байгаа дүрмээрээ явна. Зээлийг хоёр жилийн хугацаатай жилийн 7 хувийн хүүтэйгээр олгож байгаа. Цаашид зээлийн эх үүсвэрийг өргөжүүлэх бодолтой байна. Шинээр хөрөнгө оруулагч хайж байгаа. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөрөнгө оруулалтыг татахаар ярилцаж байгаа. Хэлэлцээр амжилттай явагдаж байна. Мөн Монгол банкнаас хөрөнгө төвлөрүүлээд түүнийгээ залуусынхаа бичил бизнест зарцуулна гэсэн бодолтой байна.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.24TSAG.MN