Төсөв хэмнэх энэ үү, Ерөнхий сайд аа?

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Төсөв хэмнэх энэ үү, Ерөнхий сайд аа?

Шийдлийн Засгийн газар төсвийн үргүй зардлыг хэмнэх бодлогыг хэрэгжүүлэхээ амалсан. Үүний хүрээнд Хүүхдийн мөнгийг амьжиргааны төвшингийн 1-17 бүлгийн өрхийн хүүхдэд олгохоор Төсвийн тухай хуульд суулгаж өгсөн ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарснаар өмнөх шигээ хүүхэд болгонд өгөхөөс өөр аргагүйд хүрсэн билээ.

Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн албан хаагчдын гадаад дотоод явах зардлыг бууруулж төсөвт хэмнэлт гаргахаа өнгөрсөн жил зарласан. Гэвч, эдийн засгийн хямрал дунд иргэд хуруу хумсаа хуйхлан байхад төрийн дунд шатны дарга нарын тансаглал хэвээр байна.

Нэг хэсэг татварынхан бие биенээ хэдэн зуун сая, хэдэн  тэрбумаар урамшуулдаг байсан. Түүнийг нь залгаад НИТХ-ын тэргүүлэгчид болон Дүүргийн ИХ-ынхан хэдэн арван саяар урамшуулал хүртэж, туршлага солилцох нэрээр дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр Бразилийг зорьж байв. Хэдийгээр тэднээс мөнгийг нь гаргуулахыг УИХ-ын дарга шаардсан ч НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга толгойг нь илээд өнгөрсөн юм даг.

Улс нь мөнгөгүй, данс нь улайчихсан гэх мөртлөө дун шатны дарга нар, дүүргийн засаг ноёд гадаадад, жилийн эцсийн ажлын үр дүнгийн урамшуулал хэмээн ичих ч үгүй  эхнэр хүүхдээ дагуулаад зугаалж байгаа нь ариун явдал мөн үү.

СХД-ийн Засаг дарга М.Чинболд  2015 оны ажлын үр дүнгийн урамшуулал нэрээр эхнэр хүүхдээ дагуулан Японд  өнгөрсөн нэгдүгээр сарын 22-27-ны өдөр тав хоног зугаалаад иржээ. Түүний мөнгийг урамшуулал нэрийн дор төсвөөс гаргасан байна. СХД бол  эмзэг бүлгийнхэн ихтэй. Дүүрэгт нь хоолгүй хонож байгаа хүүхдүүд олон бий. Гэтэл дарга нь хэдэн арван саяар зугаалаад явж байгааг харахад хэлэх үг даанч алга. Төрийн тансаглалыг хумьсан  шийдвэр эзэндээ хүрч байна гэж ойлгох уу, эсвэл Ерөнхий сайдын шийдвэр төрийн байгууллагынханд, дүүргийн дарга нарт хамаагүй юу.

Тэрчлэн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга хэлтсийнхээ дарга нарыг дагуулаад  Өмнөд Солонгост зугаалаад ирсэн талаар дүүргийн Тамгын газар ажилладаг амтай болгон шуугиж байна. Хэлтсийн дарга нар нь хэлэлцсэн юм шиг нэгэн зэрэг, тодорхой хугацаанд өвчтэй, чөлөөтэй байсны учир нь Өмнөд Солонгосоор зугаалж явсанд байсан гэх.

Энэ мэт эрээ цээрээгээ алдсан, эрх мэдлээрээ түрий барьж, төсвийн мөнгөөр гулгиж байгаа Дүүргийнхээ дарга нарт хариуцлага тооцох ёстой юм биш үү, Э.Бат-Үүл дарга аа. Нийслэлд өдрийн гурван ээлжээр ажилладаг өч төчнөөн сургууль байхад өөрсдийгөө дураараа шагнаад, дураараа зугаалаад байгаа дарга нарын тансаглал чинь арай хэтрээд байгааг сануулъя. Ард түмэн бүсээ чангаалж, ард нь  татвар төлөгчдийн мөнгөөр төрийн дарга нар тансаглах нь  шударга биш байна.

Эцэст нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт андаж хэлэхэд эдийн засаг хямарч байгаа нэрийн дор "иргэдээ хэмнэ, тана" гэж хэлчихээд эрх мэдэлтнүүд нь төсвийн мөнгөөр гадагшаа дотогшоо зугаалж байгаа нь төсвийн хэмнэлт мөн үү гэдгийг лавламаар байна.

Т.ИРМҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж