Орос нэртэй Хятад шошготой, хугацаа дууссан бүтээгдэхүүнүүд зарагдаж байна

2016 оны 2 сарын 5

Сар шинийн баяртай холбоотойгоор хугацаа нь дууссан, болон хуурамч хүнсний бүтээгдэхүүн олширдог. Тиймээс МХЕГ-аас эрүүл ахуй стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхаарууллаа. Сар шинийн баярыг угтан улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.

Энэ ажлын хүрээнд нийтдээ 2942 зөрчил илрүүлж 10.1 тонн шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийжээ. Мөн шинжилгээний дүнгээр шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүдийг устгуулах арга хэмжээ авч ажиллажээ.

Энэ талаар  МХЕГ-ын худалдаа үйлдвэр үйлчилгээний хяналтын хэсгийн дарга Л.Гэрэлмаа “Энэ жил ихэнхдээ гарал үүсэл нь тодорхойгүй, шошгын зөрчилтэй, орос нэртэй атлаа хятад шошготой, хугацаа дууссан бүтээгдэхүүнүүд зах зээлд их хэмжээгээр зарагдаж байна.

Энэ зөрчлүүд дээр аймаг орон нутаг болон хилийн боомтууд, нийслэлийн хэмжээнд өргөн хүрээний хяналт шалгалтыг зохион байгуулж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Тиймээс ард иргэддээ анхааруулж хэлэхэд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа өөрсдөө маш сайн хяналт тавих хэрэгтэй байна. Ингэхдээ хадгалах хугацаа, үйлдвэрлэсэн огноо, бүрэн бүтэн байдал зэргийг маш сайн анхаарах хэрэгтэй. Авсан бүтээгдэхүүнээ хадгалахдаа зааврын дагуу зориулалтын газар хадгалж байхыг анхааруулж байна” гэв. 

Түүнчлэн болсон болон түүхий бүтээгдэхүүнээ тус тусад нь хадгалах, хэрчих, хоол хүнсийг бохирдуулж болох шавьжнуудаас сайн хамгаалж байх хэрэгтэй.Энэхүү үндсэн шаардлагуудыг айл бүр сайтар хэрэгжүүлж байж хордлого, халдваруудаас сэргийлэх боломжтой гэдгийг мөн энэ онцолж байлаа. Дашрамд дуулгахад, шалгалтаар хүнсний дэлгүүрүүдэд хаяг шошгын зөрчилтэй олон бүтээгдэхүүнүүд илэрсэн байна. Тухайлбал,  “Скай” импортлосон “Ghana” шоколад, “Мандах газар” импортлосон “амин дэмийн бэлдмэл”, “Бишрэлт трейд” ХХК-ийн импортлосон найман төрлийн печень гэх мэт бүтээгдэхүүнүүд байна.

Мөн хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хадгалах хугацаа байхгүй бууз баншнууд их байсан аж. Тиймээс  ийм бүтээгдэхүүнүүд илэрвэл мэргэжлийн хяналтын байгууллагын 1286 утсанд хандаж цаашид зөрчил гаргуулахгүй байх тал дээр хамтран ажиллахыг МХЕГ-аас анхаарууллаа.

Ц.БАТЗУЛ

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна