С.Оюун, С.Дэмбэрэл нар хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

С.Оюун, С.Дэмбэрэл нар хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.02.05/ УИХ-ын гишүүн С.Оюун, С.Дэмбэрэл нар "Газрын тос, ашигт малтмалын нөөц ашигласны болон байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх  арга хэмжээнд  зарцуулах  хөрөнгийн хувь хэмжээний тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Энэ хуулийн төслийн зорилт нь газрын тос, ашигт малтмалын нөөц ашигласны болон байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн орлогыг байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, ялангуяа хүний болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрч, нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газар, түүний хэвлийг нөхөн сэргээх арга хэмжээнд хуваарилан зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг тогтооход оршиж буйг төсөл санаачлагчид танилцуулав.

Түүнчлэн уг хуулийн төсөлд байгаль орчныг хамгаалах, хүний болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрч, нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газар, түүний хэвлийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувь хэмжээг бууруулсан,  төлбөрийн орлогын хэсгийг өөр зориулалтаар ашигласан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, уг хөрөнгийг нөхөн төлүүлэх зохицуулалт оруулахаар тусгажээ гэж хуулийн төсөл санаачлагч хэлсэн болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж