Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг баталлаа

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын

төслийг хэлэлцэн баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.02.05.Баасан гараг/ үдээс хойших хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү танилцуулав.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүд байсангүй. Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын чанартай саналаар санал хураалт явуулсныг дэмжлээ. Ингэснээр Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт

оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг танилцуулав.Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга асуулт асууж хариулт авсны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг дэмжсэнээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан танилцуулав. Байнгын хорооны хуралдааны явцад зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй байна. Танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүд байгаагүй тул Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдав.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байгаагүй тул байнгын хорооны саналаар Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдлаа. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж