Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.02.05/ Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүлэв. 

Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль нь 1993 онд батлагдсан бөгөөд 4 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү хуулийн төсөлд батлан хамгаалах үйл ажиллагаа, түүний зарчим, хуулийн нэр томьёо, Монгол Улсын цэргийн байгууллыг шинээр тодорхойлж, төр засгаас батлан хамгаалах талаар хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тусгасан байна. Түүнчлэн батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр захиргааны байгууллагууд, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байхаар шинээр тодорхойлсон байна. 

Мөн Монгол Улсын цэргийн байгуулал, түүний бүтэц бүрэлдэхүүний талаар шинэ бүлэг нэмж, батлан хамгаалах асуудлаарх эрх бүхий субьектүүдийн бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлж, зохион байгуулах болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, төрийн болон орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн чиг үүрэг, үйл ажиллагааг илүү тодорхой болгох зорилгоор эрх зүйн зохицуулалтыг шинэчилж тусгажээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар батлан хамгаалах тогтолцоо шинээр төлөвшиж түүнийг улс төр, нийгэм, эдийн засаг, эрх зүй, цэргийн чиглэлээр хэрэгжүүлэх арга зам тодорхойлогдон, Монгол Улсын өөрийгөө батлан хамгаалах чадавх хуулийн зорилтын хүрээнд нэмэгдэнэ гэж үзжээ

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж