Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2016.02.05/ Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүллээ. 

Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны харилцааг зохицуулах хууль, эрх зүйн хэм хэмжээний цогц байдлыг хангана” гэж заасанд нийцүүлэн Зэвсэгт хүчний тухай хуулийг шинэчлэх шаардлага гарчээ.

Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, түүнийг хэрэглэх онол арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлт, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг болгох чиглэлээр Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн тулд хуулийн төслийг боловсруулсан байна. Зэвсэгт хүчний удирдлагыг улс төрийн дээд удирдлага, төрийн захиргааны удирдлага, цэргийн мэргэжлийн дээд удирдлага гэж ангилан, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон хуулийн давхардал, хийдэлгүй болгохоор тусгажээ.

Түүнчлэн батлан хамгаалах салбарын багц хуулиудын хоорондын уялдаа холбоо, эрх зүйн зохицуулалтын нийцлийг хангахаар 4 бүлэг, 20 зүйлтэйгээр боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн чиг үүрэг баталгаажиж, зэвсэгт хүчний талаарх удирдлагын болон цэргийн удирдлагын дээд байгууллага, хуулийн үйлчлэл, эрх зүйн харилцаа боловсронгуй болох аж.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж