Алслагдсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ

2016 оны 2 сарын 6

-Улаанбаатар хотоос 600 км-ээс хол алслагдсан Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд, Хөвсгөлд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо-

УИХ намрын чуулганаа өндөрлүүлэхийн өмнө Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Тухайлбал, ААНОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Улаанбаатар хотоос 600 км-ээс хол алслагдсан 8 аймагт / Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл/ байнгын үйл ажиллагаа явуулан 3-аас доошгүй ажлын байр бий болгосон / нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ аж ахуйн нэгжийн төлөх орлогын албан татварыг 3 жилийн хугацаанд 50 хувь хөнгөлөх, 1000 км-ээс алслагдсан бол 90 хувь хөнгөлөх болж байна. Ингэхдээ ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, согтууруулах ундаа борлуулах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, автозам, замын байгууламжийг барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн үйл ажиллагаа хөнгөлөлтөд хамаарахгүй юм.

Харин ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд нийслэлээс аймгийн төв нь 600 км-ээс илүү хол алслагдсан аймагт оршин сууж хөдөлмөр эрхэлж байгаа иргэнд ногдох Хувь хүний орлогын албан татвараас 50 хувь, 1000 км-ээс алслагдсан бол 90 хувь хөнгөлөх, бусад аймагт оршин сууж хөдөлмөр эрхэлж байгаа иргэний Хувь хүний орлогын албан татвараас 20 хувь тус тус хөнгөлөх болж байна.

Хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр зааж өгсөн юм.

Онцлоход, дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, А.Бакей, Д.Батцогт нарын 16 гишүүн санаачлан өргөн мэдүүлсэн байсан юм.


Дээрх хууль батлагдсантай холбогдуулан төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас дараах тодруулгыг хийлээ.

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. зарим гишүүд өргөн барилаа. Түүнд яагаад заавал алслагдсан аймгууд гэж тодотгосон юм бэ?

-Алслагдсан аймагт бизнес эрхэлдэг хүмүүс хамгийн өндөр өртөгтэйгөөр бизнесийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Жишээ нь, алслагдсан аймгуудад шатахууны үнэ Улаанбаатар хотынхоос 1 литр тутамдаа 250-300 төгрөгийн үнэтэй байлаа. Манай бүлгийн гишүүдээс С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар Засгийн газарт хандан шаардлага хүргүүлж, алслагдсан бүс нутгийн шатахууны үнийг нийслэлийнхтэй ижил үнэтэй болгох ёстой гэж шаардсанаар 2016 он гарахын өмнө нефтийн үнэ буулаа. Дэд бүтэц сайн хөгжөөгүй зэргээс болж алслагдсан бүс нутгийнхны тээврийн зардал нь хамгийн өндөр гээд олон асуудал бий. Тийм болохоор алслагдсан аймгуудын иргэд өндөр үнэтэй бараа, бүтээгдэхүүн авч хэрэглэхээс өөр ямар ч сонголтгүй байдаг.

Энэ хуулийн гол зорилго нь Улаанбаатар хотоос алслагдсан Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой юм. Өнөөдрийнх шиг эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй нүүр тулсан энэ цаг үед бизнесийнхнээ дэмжих нь хамгийн зөв гарц. Улаанбаатар хотоос 600 км, 1000 км алслагдсан тийм нутаг оронд бизнес эрхэлж байгаа хүмүүс үнэхээр хүндрэлтэй байна гэдгийг тэд өөрсдөө ч хэлдэг. Тийм учраас аж ахуйн нэгжүүдийг ангилаад Улаанбаатар хотоос 600 км дотор үйл ажиллагаа явуулж байгаа бол одоо төлж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 20 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээр болж байна . Ухаандаа найман хувийн татвартай болж байна гэсэн үг. Харин нийслэлээс 600-1000 км дотор аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бол Аж ахуйн нэгжийн албан татварыг 50 хувь буюу таван хувь болгоно гэсэн үг. Улаанбаатараас 1000 км-ээс дээш зайд алслагдан үйл ажиллагаа эрхэлж байгаа бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нь 90 хувийн хөнгөлөлт үзүүлээд одоо мөрдөж байгаа 10 хувийн татвар маань нэг хувь болно гэсэн үг. Уг хуулиар ийм эрх зүйн зохицуулалтуудыг хийж өгч байгаа юм.

-Энэ хуулийг бизнес эрхлэгчид таатай хүлээж авах нь гарцаагүй. Гэхдээ эдийн засаг ийм хүнд байхад төсөвт улам нэрмээс болохгүй юу. Орон нутагт бизнес эрхлэгчид жилдээ хэдэн төгрөгийн татвар улсад төлдөг юм бэ?

-Улаанбаатар хотоос  600 км-ээс алсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн улсын төсөвт төвлөрүүлдэг орлого нь жилийнх нь 2.3 тэрбум төгрөг юм билээ. Улсын хэмжээнд 2.3 тэрбум төгрөгийн төсвийн орлого тасрах магадлалтай ч нөгөө талдаа бид ингэж л аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүй бол маш олон хүн ажлын байргүй, орлогогүй болох, орон нутагт бизнесийн үйл ажиллагаа хаагдах ийм нөхцөл байдал үүссэн.

Өнөөдөр маш олон аж ахуйн нэгж хаалгаа барьж байгааг бүгд харж, мэдэрч байна. Бид иргэдээ орлоготой, амьжиргааны эх үүсвэртэй, орон нутагтаа бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгох нь чухал. Түүнээс эдийн засгийн хувьд хүнд байна гээд татвараа бодож, хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүдээсээ татвар авах нь төрийн гол зорилго биш.

-Уг хууль хэрэгжиж эхэлснээр ямар нааштай үр дүн гарна гэж та харж байна вэ?

-уг нь хуулийг 2016 ондоо багтаан хэрэгжүүлж эхэлсэн бол их хэрэгтэй байлаа. Гэхдээ 2016 оны төсвийн хууль батлагдсан учраас энэ бүхнээ бодолцож хэрэгжих хугацааг нь 2017 оны нэгдүгээр сарын 1-н байхаар хуульчилж өглөө. Гэсэнч хөдөө орон нутагт бизнесийн орчин сайжирч, ажлын байр хадгалагдана. Орон нутагт жинхэнэ утгаараа жижиг, дунд үйлдвэрийг дэмжсэн төрийн дэмжлэг болно.  Хөдөө орон нутгаа бид дэмжиж чадвал нийслэлийг чиглэсэн их нүүдэл татарна. Бизнес эрхлэх сонирхолтой хүмүүс заавал Улаанбаатарт ирээд байх шаардлагагүйгээр орон нутагтаа ая тухтай амьдрах боломж бүрдэнэ.

Г.ОЮУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна