“Хөдөлмөрийн хүн танаа” шагналын анхны эзэд тодорлоо

2016 оны 2 сарын 6

Хөдөлмөрийн салбарын дээд шагнал “Хөдөлмөрийн хүн танаа”-гийн эздийг тодруулах ёслолын ажиллагаа өчигдөр “Шангри-Ла” зочид буудлын Хүндэтгэлийн танхимд боллоо.

Хөдөлмөрийн сайдын санаачилгаар төрөөс хөдөлмөрийн салбарт баримтлах бодлого, хууль тогтоомжийг  хэрэгжүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг ханган ажиллах, үндэсний  мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээр тодорхой амжилт гаргасан байгууллага, иргэдийг тодруулан “Хөдөлмөрийн хүн танаа”  шагналд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр болсон юм.

Г.Баярсайхан: Энэ шагналын эзэд нь хөдөлмөрийн хүн та байх болно

Шагнал гардуулах ёслолыг нээж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Хөдөлмөр эрхлэлт улс орны оршин тогтох гол үндэс болдог. Хөдөлмөрчин  хүн энэ улс орны хөгжлийн хөдөлгүүр болж байгаа. Өнөөдөр бид аль нэг байгууллагыг улсад хэдий хэмжээний татвар төлсөн гэдгээр нь шалгаруулж байгаа юм биш. Хөдөлмөрийн зах зээл дээр хэрэгтэй мэргэжлээр шилдэг боловсон хүчнүүдийг бэлтгэж байгаа сургалтын байгууллагуудаа уралдуулллаа. Хамгийн олон хүнийг ажилтай болгосон ажил олгогч нарыгаа урамшууллаа. Хэдхэн жилийн өмнө гудамжинд гутал тослохоос эхэлсэн хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж гутлын салонтой болж өөрөөсөө гадна өөр олон хүний амьдралд дэм болж яваа нэгнээ бид шилдгийн шилдгээр өргөмжилж байгаа юм. Манай яам  “Хөдөлмөрийн хүн танаа” шагналын эздийг жил бүр тодруулж уламжлал болгохоор шийдсэн бөгөөд энэ жил анхныхыгаа гардуулж байна. Энэ шагналын эзэд нь хөдөлмөрийн хүн та байх болно” хэмээсэн юм.

Салбарын хэмжээнд  уламжлал болгон тодруулж байх энэ шагналын эздийг              “Шилдэг  төгсөгч”,  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдэг ажилтан”, “Шилдэг өрхийн  аж ахуй эрхлэгч”, “Шилдэг сургалтын байгууллага”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг ажил олгогч”, “Шилдэг түнш байгууллага”, “Ажил мэргэжлийн шилдэг  мастер”, “Хөдөлмөрийн хүн танаа шилдгийн шилдэг”  гэсэн есөн номинацид нэр дэвшүүлэн өрсөлдүүлсэн. Аймаг орон нутаг, нийслэл, дүүргээс ирүүлсэн нэр дэвшигчдийн материалаас эцсийн сонголтыг хийж номинаци бүрт шилдгийн шилдэг гурван нэр дэвшигчийг тодруулах журмаар шалгаруулалтыг явуулсан бөгөөд шилдгээр тодорсон хүмүүс “Хөдөлмөрийн хүн танаа” цом, мөнгөн шагналыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Оюун нарын түшээдээс гадна нийгмийн түнш байгууллагуудын төлөөлөл гардуулсан юм.  

“ШИЛДЭГ ТӨГСӨГЧ”-Халтарын ЛХАГВА

“Шилдэг төгсөгчөөр тодорсон Халтарын Лхагвагийн шагналыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг хамаарагч Ю.Идэрцогт гардуулсан. Х.Лхагва Улаанбаатар хот дахь Барилгын Политехник коллежийн төгсөгч. Токарийн  мэргэжлийн тэмцээний 2014,2015 оны тэргүүн байрын эзэн, Бразилд болсон Дэлхийн ур чадварын тэмцээний хамгийн залуу оролцогч тэрбээр Эрдэнэтийн УБҮ-ийн Засвар механикийн заводад ажиллах урилга аваад байгаа юм.

“Шилдэг төгсөгч” номинацид Х.Лхагватай Болдбаатарын Баянбаатар, Батзоригийн Ундармаа нар өрсөлдсөн. Б.Баянбаатарын хувьд Дорнод аймгийн Политехникийг коллежийг төгсөөөд одоо сургуульдаа багшилж байгаа. “Монгол ур чадвар-2013, 2014, 2015” оны цахилгааны мэргэжлийн тэмцээн, “Нэмэх-хасах-цэнэг” улсын уралдаанд шагналт байруудыг эзэлж байсан төдийгүй түүний бэлтгэсэн шавь нь “Нэмэх, хасах цэнэг” улсын уралдаанд шагналт байрт оржээ. Б.Ундармаа Үйлдвэр урлалын политехник коллежийг үсчний мэргэжлээр төгссөн. “Монгол ур чадвар” тэмцээний 2013, 2014, 2015 оны тэргүүн байр эзэлж, ОХУ-ын Эрхүү хотноо болсон Азийн шилдэг үсчин шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.  Дэлхийн ур чадварын тэмцээнд анх удаа оролцсон Монголын багийн гишүүн тэрбээр “Щвейрцкоп” ХХК-нд урилгаар ажиллаж байгаа юм.

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ШИЛДЭГ АЖИЛТАН”-Цэгмидийн НАЦАГДОРЖ

Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК-д тасралтгүй 34 жил ажиллаж байгаа Техник хяналтын албаны дарга, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Нацагдорж нь үйлдвэрлэлийн бүхий л шатны аюулгүй байдал, ажлын байрны эрүүл ахуйн асуудлыг хариуцан ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны OHSAS18001  стандарт, “Цоож пайзны систем”-ийг нэвтрүүлсэн.  Эрүүл, аюулгүй ажиллах соёлыг төлөвшүүлэх чиглэлээр “Метрикс карт”-ыг санаачлан хөтөлж байна. Мөн “Аюулыг мэдээлэх хуудас” ажиллуулсны үр дүнд 2013-2015 онд нийт 20290 аюулаас урьдчилан сэргийлж чаджээ. Энэ номинацид түүнтэй

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын албаны дарга Бямбын Баттайван, УБТЗ-ын Тээвэрлэлт удирдлагын төвийн хөдөлмөрийн аюулгүй байдлын  инженер Лхамсүрэнгийн Адъяаням нар өрсөлдсөн.

“ШИЛДЭГ ӨРХИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ”-Цогдэлгэрийн ЖАРГАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэн, Монгол Улсын сайн малчин Ц.Жаргал 1990-ээд оны сүүлээр хөдөө гарч мал маллаж эхэлсэн гэнэ. 2008 онд орон нутагтаа “Малжуулах төсөл”-ийг санаачилж дөрвөн малчинтай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн тэрбээр төслөө амжилттай хэрэгжүүлж долоон жилийн хугацаанд давхардсан тоогоор 22 малчин өрхийг 2450 толгой хоньтой болгож чадсан байна. Мал маллахаас гадна үйлдвэрлэл явуулахаар шийдэж 2014 онд “Цагаан үе” нөхөрлөл байгуулан бичил уурхайгаар шавар олборлож блок үйлдвэрлэж байснаа тоосгоны үйлдвэр болгон өргөжүүлж одоо нутгийнхаа 13 өрхийн 18 хүнийг ажлын байраар хангаад байгаа юм. Баянтүмэн сумынхаа бүтээн байгуулалтад хувь нэмэр болгон  140 мянган тоосго хандивласан Ц.Жаргал гуай “Хөдөлмөрийн хүн танаа” шагналын эзнээр тодорсноо дуулаад отгон охиноо дагуулан хотод ирсэн гэж байв. Энэ жил 72 насны сүүдэр зооглож байгаа ч гар хумхин зүгээр сууж үзээгүй тэрбээр өөрийн найман хүүхдээ төдийгүй өрөөлийн олон хүнийг ажил төрөлтэй болгож амьдрал ахуйг нь дааж явдаг юм. Энэ номинацид Ц.Жаргал гуайтай хамт  олон мянган мод үржүүлж, ойн зурвас байгуулан говь нутгийг ойжуулж буй Өмнөговь аймгийн “Их говийн төгөл”ХХК-ийн менежер Аюурын Нарантуяа,  Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн уран сийлбэрч Энх-Амгалангийн Энхтүвшин нар нэр дэвшсэн юм.

“ШИЛДЭГ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА”-Өмнөговь аймаг дахь  Политехник коллеж

Гадаадын төсөл хөтөлбөрт хамрагдаж чадсанаар хичээлийн байр, спорт заалыг барьж ашиглалтад оруулсан, сургалтын агуулгыг олон улсын чиг хандлагад нийцсэн арга зүйг нэвтрүүлсэн, багш нарынхаа 96,4 хувийг гадаадад туршлага судлуулан, сургалтанд хамруулсан тус сургуулийн төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь 78-80 хувьтай байдаг нь шилдгийн төлөө тунаж үлдсэн Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллеж, Улаанбаатарын Барилгын Политехник коллежийг ардаа үлдээж түрүүлэхэд том шалгуур болжээ.  

 “ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-Аглаг бүтээлийн хийд

Төв аймгийн Борнуур сумын нутаг Далын хавцал хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт бурханч лам  Г. Пүрэвбатын барьж байгуулсан "Бурхны авшиг оршсон Бутээлийн хийд” буюу Аглагийн хийд аялагч жуулчдад зориулан бясалгал, эргэл мөргөл хийх, ном эрдэмд шамдах, бүтээл туурвихад сонирхолтой бичил орчныг бий болгож өгснөөрөө “Хөдөлмөрийн хүн танаа” шагналын анхныхыг хүртэх болзлыг хангажээ. Энэ номинацид  “Номин констракшн девелоптмент” группийн хэрэгжүүлж буй ”Ривер гарден” хотхоны зураг төсөл, архитектур төлөвлөлт, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогт байрлах, “Женко тур бюро” компанийн бүтээн байгуулсан Чингисийн морьт хөшөө цогцолбор нэр дэвшсэн.

“ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ”-“Эм Жи Эл Акуа” ХХК

“Шилдэг ажил олгогч”-оор тодорсон “Эм Жи Эл Акуа” ХХК 2000 оноос үйлдвэрлэлээ эхэлж, өдгөө “Вояж” цэвэр усны компани болж өргөжихдөө орон нутгийн 50-80 иргэнийг ажлын байраар хангасан. Сүүлийн хоёр жилийн турш Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллаж, 74 ажилгүй иргэнийг ажилд авснаас 30 нь байнгын ажилтай болжээ. Мөн хүнсний технологич мэргэжлээр 24 хүнийг сургаж, тогтвортой  ажилласан ажилтнууддаа удаан жилийн нэмэгдэл олгохын зэрэгцээ бусад нийгмийн асуудлыг нь шийдэж өгдөг юм байна. “Шилдэг ажил олгогч”-ийн төлөө  “Асралт баян хайрхан”, “Смарт ланд Монголиа” ХХК мөн өрсөлдсөн.

“ШИЛДЭГ ТҮНШ БАЙГУУЛЛАГА”-Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Баруун бүсийн мэргэжлийн боловсролын сургалтыг дэмжих” төсөл

2012 оноос эхлэн хэрэгжихдээ баруун бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэхэд үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж, ихээхэн хувь нэмэр оруулж байгаа энэ төслийн нийт өртөг 4,46 сая швейцарь франк. Төслийн нэгдүгээр үе шат нь мэргэжлийн боловсролын сургуулиудын стандарт хэм хэмжээг шинэчлэх, мэргэжлийн боловсролын сургуулиуд ба ажил олгогчдын хоорондын түншлэлийг хөгжүүлэх, орон нутгийн мэргэжлийн боловсрол, сургалтын зөвлөлүүдийг идэвхижүүлэх зэрэг чиглэлээр амжилттай алхмуудыг хийсэн нь тэдэнд “Шилдэг түнш байгууллага”-ын шагналыг авчирлаа. Энэ номинацид мөн БНСУ-ын Койка Олон улсын байгууллага, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл нэр дэвшин өрсөлдсөн.

“АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ МАСТЕР”-Лхагвагийн ИДЭРМӨНХ

Үйлдвэр урлалын политехник коллеж автомеханикийн багш Л.Идэрмөнх  сурагчидтайгаа хамтран автомашин зохион бүтээснээ сургалтын загвар болгон ашигладаг бөгөөд сургалтын материалын үргүй зарцуулалтыг багасгахын тулд бүтээгдэхүүн болгон буцаан ашиглах аргыг санаачилсан, шавь нар нь  улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцдогоос гадна  ажил олгогчдын шаардлагыг хангадаг учраас төгсөөд ажил олох гэж зовдоггүйгээрээ өрсөлдөгч нараасаа давуу байж чаджээ. Түүнтэй өрсөлдсөн “Цэдэн” автомашины засварын газар ажиллуулдаг Тайванхүүгийн Баттөр,  “Хүүхдийн өргөө” төрийн бус байгууллагын тэргүүн Адъяагийн Нордэрмаа нар ч өөр өөрийн хийж буй ажилдаа шилдэг байж чадсан хөдөлмөрч, бусдын төлөө сэтгэлтэй хүмүүс юм.

“ХӨДӨЛМӨРИЙН ХҮН ТАНАА” шилдгийн шилдэг гран при шагналын эзэн- Хишигбаярын ОЮУН-ЭРДЭНЭ

“Наалдан пад” ХХК-ийн захирал Х.Оюун-Эрдэнэ ХӨДӨЛМӨРИЙН САЛБАРЫН ДЭЭД ШАГНАЛ “Хөдөлмөрийн хүн танаа”-гийн гран приг хүртлээ. Тэрбээр шагналаа гардсаны дараа “Сэтгэл их хөдөлж байна. 1993 онд Улаанбаатарт ирж гудамжинд таван жил гутал тосолсон. Тэгээд гутал засварладаг болсноор өнөөдрийн өндөрлөгт хүрсэн юм. Намайг өдий зэрэгт хүргэж, амьдралын минь жигүүрийг ургуулж өгсөн ард түмэндээ баярлалаа. Надаар гутлаа тослуулж, намайг дэмжиж, архи гэгч айхавтар идээнээс ангижирахад минь тусласан ард түмэндээ болон энэ шагналыг хүртээсэн Хөдөлмөрийн сайдад баярлаж байна. Намайг хүн болгосон хөгшин ээж минь “Олны дунд нэр төртэй, хүний дайтай яваарай, хөдөлмөр бүтээлд шимтэж яваарай” гэж их захидаг байсан. Архичин, тамхичин байсан хүн нэг л өдөр энэ амьдралаасаа татгалзаж чадсандаа баяртай явдаг. Тиймээс өөрийнхөө туулсан амьдрал, хөдөлмөрлөж гаргасан хөлс хүчийнхээ  талаар хорих ангиуд болон оюутнуудад лекц уншдаг юм. Өнгөрсөн жил гэхэд UB паласт “Гуталчин ингэж хэлэв” нэртэй лекцээ уншихад олон хүн цугласан. Миний амьдралаас олон залуус суралцаасай, архигүй тамхигүй, арчаатай амьдарч, хөдөлмөрт дурлаж яваасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Миний гараар дамжиж 36 хүн гуталчны мэргэжлээр ажилтай орлоготой, сайхан амьдарч яваа тэд. Хорин  жилийн хөдөлмөрөө үнэллүүлсэнд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Шилдгийн шилдэг гран при шагналын төлөө гуталчин Х.Оюун-Эрдэнэтэй “Магнай тэнийм” ХХК-ийн үйлдвэрлэлийн менежер, Монгол Улсын мастер тогооч Баатарын Буянтуул, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн профессор Рэнцэнлхүндэвийн Мядагмаа нар өрсөлдсөн.

ЭХ СУРВАЛЖ: ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна