Д.Батцогт: Эмнэлгүүдэд санхүүгийн эрхийг нь өгнө

2016 оны 2 сарын 8

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтоос дараах тодруулгыг хийлээ.

-УИХ-ын намрын чуулганаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдчих болов уу гэтэл хараахан амжсангүй, хаврын чуулган руу шилжлээ. Энэ хуулийг УИХ-аас баталсан нөхцөлд ямар боломж нээгдэх вэ. Иргэдийн хувьд хамгийн ойр газраасаа эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж нь бүрдэх юм шиг байгаа юм?

-Эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэл авчирна гэж ойлгож болно. Төрийн өмчит эмнэлгүүд хөгжлөөр хувийн эмнэлгээс хоцрогдсон. Тийм учраас энэ хуулиар төрийн өмчит эмнэлгүүдийг хувийн эмнэлгийн нэгэн адил чөлөөтэй хөгжих боломжийг бий болгох юм. Өнгөрсөн онд УИХ төрийн өмчит эмнэлгүүдийг хувьчлахгүй байх шийдвэр гаргасан. Тэгэхээр барилга нь төрийн өмчит хэрнээ менежмэнтийн хувьд хувийн хэвшил шиг ажиллана гэж ойлгож болно. Ингэхийн тулд нэгдүгээрт, боловсон хүчний эрх мэдлийг эмнэлгийн удирдлагад бүрэн өгөх. Засаглалыг нь улс төрөөс хараат бус болгох юм. Ингэхгүй бол нэг нам сонгуульд ялдаг, сайдаа томилдог. Салбарт нь очсон сайд эмнэлгийн даргатай ноцолддог болчихоод байна. Гарах гарц нь Төлөөлөн удирдах зөвлөл бий болгоод эмнэлгийн дарга нь томилогддог байх. Сайн ажиллавал улиран томилогдоно. Энэ томилгоо руу улс төр оролцохгүй.

Хоёрт, боловсон хүчнээ бэлтгэдэг, сонгодог тогтолцоог эмнэлэгт нь өгнө. Ийм эрхийг өгчихөөр сайд нь эмнэлгийн даргадаа “Тэрийг ажилд ав, энийг чөлөөл” гэдэг шахаа тулгалт байхгүй болох юм. Мэргэжилдээ, ажилдаа сайн эмч өндөр цалин аваад явах боломжийг энэ хуулиар бий болгоно. Одоо бол эмнэлгүүд хүндхэн нөхцөлд байна. Төрийн өмчийн эмнэлгүүдэд маш олон жил бэлтгэгдсэн чадварлаг эмчийг хувийн эмнэлэг өндөр цалин амлаад аваад явж байна. Ийм маягаар эмчээ явуулсаар байвал төрийн өмчит томоохон эмнэлэг нэг л өдөр өвчтөндөө хагалгаа хийж чадахгүй болох эрсдэл бий. Яагаад гэвэл, эмнэлгийн удирдлага чадварлаг эмчээ авч үлдэхийн тулд цалинг нь хувийн эмнэлгийн хэмжээнд хүргэх эрх байдаггүй.

Дээр нь энэ хуулийн хүрээнд эмнэлэг хэрэгцээтэй сайн эмчийг уриад ажиллуулах, эмч нараа сургах, мэргэшүүлэх бүрэн эрх эмнэлгийн удирдлагад шилжинэ. Маш олон давуу тал бий болно гэж харж байна.

-Эмнэлгийн төсөв хүрэлцэхгүй байгаа тухай сонсогддог. Ийм нөхцөлд яадаг бол?

-Батлагдсан төсвөөс нь тодорхой хэмжээний хөрөнгө хэмнэлт хийх шатанд үлдсэн байхад шууд Төрийн сан руу татдаг. Үүнээс болж Төрийн сан руу татахаас нь урьтаад нэг юм болгочихъё гээд аахар, шаахар зүйл авах тохилдол байдаг юм уу гэж ойлгогдсон. Уг хууль батлагдсан нөхцөлд хэмнэгдэж үлдсэн төсвийг нь Төрийн сан руу татахгүй болно.

Мөн томоохон эмнэлгийн эмчтэй санал солилцож байхад ийм боломжийг эмнэлгүүдэд олгочих юм бол төсвөөс мөнгө авахгүйгээр зөвхөн Эрүүл мэндийн даатгалын сангаасаа санхүүжээд явахад эмнэлгээ хөгжүүлээд явах боломж байна гэдгээ хэлсэн.

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэтэрхий бага байгаагаас иргэд шаардлагатай үйлчилгээг авч чадахгүй байна гэж үзээд УИХ-аас хууль батлахдаа нэмсэн. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ жилийнх нь 46 мянган төгрөг болж нэмэгдсэн. Гол нь иргэд шимтгэл төлснийхээ хэрээр чанартай үйлчилгээ авч чадахаар байгаа юу?

-Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар шимтгэлийн хэмжээ нэмэгдсэн. Шимтгэлийн хэмжээ нэмэгдэхийнхээ хэрээр Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих санхүүжилтийн хэмжээ нь дагаж өсч байгаа. Өөрөөр хэлбэл, иргэн эрүүл мэндийн даатгалд жилдээ 46 мянган төгрөгийн шимтгэл төллөө гэхэд үйлчилгээ авах эрх нь 1.8 сая төгрөг. Хэрвээ өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэхэд өөрийнх нь даатгалын мөнгө хүрэлцэхгүй бол гэр бүлийнхээ нэг гишүүний даатгалыг өөр дээрээ авах боломжтой. Энэ тохиолдолд 3.6 сая төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас авах юм. Хүн эрүүл байх нь чухал. Хэдийгээр урьд нь төлж байсан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ нэмэгдсэн хэдий ч гар утсандаа сард хэдэн төгрөг зардаг билээ гэдгээ бодох ёстой. Хуулийн агуулгыг зөв ойлгох хэрэгтэй л гэж бодож байна.

-Төрийн ордны баруун талд баригдсан эмнэлэг Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн харьяанд очсон гэж ойлгож байгаа зөв үү. Дээрх эмнэлгийн харьяанд шилжүүлсэн нь орон нутгийн иргэд олноор үйлчлүүлдэг болохоор ийм сонголт хийсэн юм уу. Эсвэл нэгдүгээр эмнэлгийнхэн өөрсдөө менежмэнт хийх хүсэлт тавьсан юм уу?

-Нэгдсэн нэгдүгээр эмнэлэг менежмэнтийг нь хийнэ. Олон талын л шаардлага байсан. Бусад эмнэлэгтэй харьцуулахад үйлчлүүлэгчийн тоо харьцангуй өндөр, нэгдүгээр эмнэлгийг өргөтгөх боломж байдаггүй гээд. Дээр нь эмч нарынх нь багийг харсан ч нэгдүгээр эмнэлэг менежмэнтээ хийгээд явах нь зөв гэж үзсэн. Нөгөө талдаа тухайн барилгыг эмнэлэг чигээр нь ашиглаад явах нь ард иргэдэд хэрэгтэй шүү дээ.

-Нэмэлт төсөв шаардаж байгаа юм болов уу. Хүний нөөцийн хувьд яах юм бол. Одоо байгаа нөөцөөрөө болгоно гэж үзэж байгаа юм болов уу?

-Орон тоо нэмэх байх.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна