Даншигт хоёр түрүүлсэн бөх 60 сая төгрөгөөр шагнуулна

2016 оны 2 сарын 8

Өнгөрөгч оны наймдугаар сард Хүй долоон худагт болсон Хүрээ цам шашин соёлын их наадмыг ирэх зун дахин зохион байгуулахаар болсон. Энэ шийдвэртэй холбоотой Даншиг наадмын бөхийн барилдааныг иргэд их сонирхож байна. Өнгөрсөн зуны Даншиг наадамд нийт 256 бөх зодоглож Архангай аймгийн Булган сумын  уугуул Р.Пүрэвдагва даншгийн арслан, Б.Гончигдамба даншгийн заан гээд шинэ найман цолтон шинээр мэндэлсэн байдаг. Харин ирэх наймдугаар сарын 6-7 ний өдрүүдэд болох хоёр дахь Даншиг наадмаар хэчнээн бөх зодоглох, барилдааны бай шагнал ямар байх вэ зэрэг асуултад хариулт авахаар нийслэлийн Биеийн тамир, Спортын газрын дарга Ж.Ганболдтой ярилцлаа.

-Өнгөрсөн жилийн Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд улсын наадмын цол харгалзахгүйгээр даваа бүрт барилдах бөхийг сугалаа сугалуулж барилдуулсан. Харин ирэх зуны наадмаар бөхчүүд яаж барилдах вэ?

-Юуны өмнө нийт ард түмэндээ удахгүй болох сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Хотоо өнгө үзэмжтэй, ард иргэдээ амар амгалан, өдрөөс өдөрт өнгө жавхаатай, баяр баясгалантай байлгах, Монгол Улсын нийслэл хотод зочилж буй гадна, дотны зочид төлөөлөгчид, жуулчдыг сэтгэл тэнүүн тайван амгалан зочлох орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, сэтгэл татам үзвэр үйлчилгээгээр хангах зорилгоор Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан нэг гол үйл ажиллагаа нь 2015 оны наймдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Даншиг наадам” юм. Энэхүү даншиг наадам нь анх удаа уламжлалт ёс заншил, шашны зан үйлийг сэргээснээрээ онцлог наадам болсон. Энэ даншиг наадмаар монгол үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, нум сумын харвах зэрэг даншгийн уламжлалт эрийн гурван наадмын төрлүүдээр зохион байгуулсан. Даншиг наадмын үндэсний бөхийн барилдааныг өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай, шударга, өрсөлдөөнтэй, үнэлэмж өндөртэй болгох үүднээс даваа болгоныг сугалаагаар барилдуулсан. 2016 оны найман сарын 06, 07-нд болох даншиг наадамд барилдах бөхчүүдийг мөн сугалаагаар барилдуулна. Энэ нь даншиг наадмын бөхийн барилдааны онцлог шинжийг агуулж байгаа юм.

-Ирэх зуны наадмаар хэчнээн бөх зодоглоно гэж тооцсон бэ?

Ирэх зуны даншиг наадмаар хэдэн бөх барилдуулах асуудлыг Даншиг наадам зохион байгуулах Бөхийн комисс хуралдаж шийдвэрлэнэ. Мэдээж энд 512 байх уу, эсвэл 256 байх уу гэсэн хоёр тоон дээр л ярилцаж шийдвэрлэнэ.

-Даншиг наадамд барилдаж, түрүү авсан бөхөд зөвхөн Даншгийн цол олгоно гэж байсан. Яагаад Улсын цол олгож болохгүй гэж?

Даншиг наадмын барилдаан нь өөрийн гэсэн онцлогтой. Хамгийн наад зах нь сугалаагаар барилдаж байгаа. Мөн уламжлалт Аварга, Арслан, Заан, Начин гэсэн дөрвөн цолыг олгож байгаа. Улсын цолыг Төрийн их баяр наадмыг зохион байгуулах тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. 

-Бусад наадмын барилдаанаас юугаараа онцлог юм? Ингэж даншиг наадмын бөхийн цол гэж тусдаа олгохыг шүүмжлэх хүмүүс байна?

Даншиг наадмын бөхийн барилдаан бол өөрийн гэсэн онцлогтой. Сугалаагаар барилдуулдаг, шударга барилдаанаар бөх сонирхогчид, наадамчдадаа үйлчилдэг. Тус наадмын бөхийн барилдаан шударга явагддаг учраас өөрийн гэсэн цолтой, цол болгон нь үнэлэмж өндөртэй байх юм. Энэ нь бөхчүүдэд ач холбогдолтой, бөх үзэгчдэд сонирхолтой байгаа. Шүүмжлэлтэй хандаж байгаа цөөн хүмүүс мөн чанар, ач холбогдлыг нь аяндаа ойлгох болно.

-Наадмын бөхийн барилдааны бай шагнал ямар байх вэ?

Даншигийн Аварга цолтны болзол хангавал 60.0 сая төгрөг, Арслан цолтны болзол хангасан бөхөд 50.0 сая төгрөг, чимэгтэй Заан цолтны болзол хангасан бөхөд 30.0 сая төгрөг, Заан цолтны болзол хангасан бөхөд 25.0 сая төгрөг, чимэгтэй Начинд 20.0 сая төгрөг, Начин цолтонд 15.0 сая төгрөгийн бай шагнал олгоно. Түүнээс гадна барилдаж байгаа хоёр бөх дээр бооцоо тавиулах үйл ажиллагаа явагдана. Ингэхлээр давсан бөх бооцооны хувь хүртэх боломжтой болно. Мөн бөх сонирхогчид, наадамчдад зориулж бөхийн таавар таах болзолт уралдаан явуулна.

-Түрүүлсэн бөхийн шагнал 60 сая төгрөг байна гэсэн нь олны анхаарлыг их татаад байх шиг байна. Зарим нь бүр оюуны бүтээл, оюуны уралдаан тэмцээний бай шагналыг ингэж өндөр үнэлдэггүй байж яагаад бөхийн шагнал ийм өндөр байна вэ гэсэн шүүмжлэлтэй хандаж байна?

60.0 сая төгрөг бол Даншигийн Арслан дахин түрүүлж байж Аварга цол авбал олгогдох бай шагнал юм. Ингэхлээр Даншиг наадамд хоёр түрүүлсэн бөх энэ бай шагналыг авна гэсэн үг. Бөхийн барилдаан даншиг наадмын нэг гол чухал үйл ажиллагаа. Энэ барилдаан шударга, үзүүштэй байж Даншиг наадмын үзэгчид, сонирхогчид, жуулчдыг татна. Энэ утгаараа цаашид эдийн засгийн үр өгөөж өндөртэй байх, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх боломжтой болно.

Ярилцсанд баярлалаа.

Д.УЛАМБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна