Оношлогооны төв үлгэр болсон уу?

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

Оношлогооны төв үлгэр болсон уу?

Японы нэгэн бизнесмэн Монголд өвөл ирээд “Танайд уушиг эмчилдэг эмнэлэг байгуулбал их ашиг олох юм байна” гээд буцсан гэдэг. Агаарын бохирдол, түүний эсрэг хийж буй ажлыг хараад тэр л дээ.
Тэгвэл саяхан Өвөрмонголд гадаадын 25 мянган иргэдэд үйлчлэх иж бүрэн эрүүл мэндийн оношлогооны төв байгуулах гэж байгаа талаар “Синхуа” агентлагаас мэдээлсэн. Мэдээж гадаадын иргэд гэхээр хэнд үйлчилгээ үзүүлэх гээд байгаа нь тодорхой. Албан бус мэдээллээр манай улсын иргэд өмнөд хөрш рүү эрүүл мэндээ эмчлүүлэхээр зорилгоор ойролцоогоор 50 сая ам.доллар “урсгаж” байгаа аж. Өмнөд хөршийнхөн энэ байдлыг овжноор ашиглаж, бидэнд зориулсан төвлөрсөн төв байгуулан, монголчуудын эрүүл мэнддээ зарцуулах мөнгөний урсгалыг “ховх сорох”  ирээдүйн ашигтай бизнесээ яаравчилж байгаа нь энэ биз. Гэтэл манай улсын эрүүл мэндийн салбарыг толгойлон авч яваа эрхмүүд энэ талд сэтгэл амар яваа бололтой.

Нийгэмд үүсээд байгаа айдас, бухимдал гээд гялайх, гялтайх юмаар тун ховордоод байгаа эрүүл мэндийн салбарын талаар хөндөхийг зорилоо. Манай улсын нийт хүн амын дунд цусны даралт ихэсч, чихрийн шижин, хавдар зэрэг халдварт бус өвчлөл дийлэнх хувийг эзэлж байгаа нь сүүлийн үеийн судалгаанаас харагдаж байна. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль болон хувийн анагаах ухааны сургуулийг маш олон эмч төгсдөг. Тэд зах зээлд эрэлттэй, шүд, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн чадварлаг эмч нар байгааг мэргэжлийн салбарынхан тунхагладаг ч Монголын ард түмэн цогц оношлогоо хийлгэх хэмжээний томоохон оношлогооны төв одоогоор алга. Гадаадын хөрөнгө оруулалттай "Сонгдо" гэдэг эмнэлэгт, өндөр үнээр оношлогоо хийлгэхгүй л бол өөр очих газар алга байна. Дадлагажигч эмчид зориулаад байсан 3.8 тэрбум төгрөгийг анхан шатны оношлогоо, тоног төхөөрөмж, сургалт. урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад зарцуулах хэрэгтэй гэдгийг холбогдох саяхан салбарын нэгэн олны танил эмч хэлж байсан юм. Тайванийн нарийн мэргэжлийн эмч нарын ярьж буйгаар 35-40 сая ам.доллартай бол дэлхийн жишигт нийцсэн оношлогоо, эмчилгээний төв цогцоороо барьж байгуулах боломжтой гэсэн тооцоо судалгааг ч манай улсын эрүүл мэндийн салбарын нөхдүүдэд тавьж байсан удаатай гэнэ. Гэтэл Эрүүл мэндийн яам ийм төв байгуулах төсөл боловсруулж, УИХ-д оруулаад ирж яагаад болдоггүйг гайхаад байна. Эрүүл мэнд, боловсролд аль ч улс орон хамгийн түрүүнд анхаарлаа хандуулдаг.

Харин манай эрүүл мэндийн салбар өнөөг хүртэл хуучин социализмын үеийн тогтолцоогоор явсаар ирсэн ганц салбар гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл 20 гаруй жилийн хугацаанд энэ салбар руу анхаарал хандуулсангүй гэвэл үнэнээс зөрөхгүй биз ээ. Өнөөдөр өвчтөн оношлогоо хийлгэе гэхээр багаж төхөөрөмж нь дэлхийн эрүүл мэндийн хөгжлөөс 20-30 жилээр хоцрогдчихоод байна. Монголд сайн эмч нар байгаа боловч эрүүл мэндийн салбар ерөнхийдөө хоцрогджээ.
Хачирхалтай нь жил ирэх тусам эрүүл мэндийн салбарт төсөв нэмэгдэж байгаа гэж хэлдэг. Энэ мөнгө хаашаа алга болчихоод байна вэ гэхээр аймаг сумдын 300 гаруй эмнэлгийн байрны засвар, гэрэл дулааны төлбөрт зарцуулдаг аж. Үүнээс болоод иргэдийн эрүүл мэнд, оношлогоо, шинжилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулагдах мөнгө эмнэлгийн байшин барилгад зарцуулагдсаар байна. Бүсийн оношлогооны төв гэгчийг орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг түшиглэн байгуулсан нэр зүүж, нэг хоёр сарын “нүд хуурсан” сургалтаар өндөр үнээр гаднаас оруулж ирсэн техник дээр ажиллаж чадахгүй эмч нараар “50 хувийн магадлал бүхий” оношлогоог ард иргэдэд үзүүлж байгаа. Энэ “хуурамаг” оношлогоонд итгэхээ больсон иргэд, үхэхгүйн тулд харь орныг зорин амь гуйн хурааж, хуримтлуулсан хэдэн бор төгрөгөө сарвайж байгаа нь үнэн. Тэр бүү хэл салбар хариуцсан ажилтнууд энэ талаар төр, засагт хандан бодлого боловсруулан, өргөн барьж салбараа өөд татахын оронд хэн нэгэн “шидтэн” хүлээсэн “эрүүл бус” албан хаагчид Эрүүл мэндийн яамаар дүүрчээ.

Өмнөд хөршийн хийж буй оношлогооны төвөөс урьдан өөрийн оронд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий бүх төрлийн өвчлөлийн төвлөрсөн оношлогооны төв байгуулж, тодорхой хэмжээний мөнгөний урсгалаа дотооддоо шингээх боломж бий эсэх талаар тодруулах гэсэн боловч тусыг эс олов. Учир нь Эрүүл мэндийн салбарын Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого хэрэгжилтийн газрын дарга Ш.Энхбатаас өчигдөр тодруулж асуухаар очиход яамны үүдний харуулаар дамжуулан “Дөнгөж сая радиод яриа өгсөн болохоор дахин мэдээлэл өгмөөргүй байна” гэсэн хариулт өглөө. Төрөөс ялангуяа хүний амь нас, эрүүл мэндийн асуудал хариуцсан салбарын ажилтны амнаас гарамгүй үг байгаа биз. Хэрэгжүүлж буй үйл ажиллагааг мэргэжлийн төвшинд гүйцэтгэх нь түүнийх, үнэн бодит мэдээлэл тухайн ажилтнаас авч, олон нийтэд мэдээлэх үүрэг нь биднийх байх ёстой баймаар даа. Энэ мэт ажлын уялдаа холбоо алдагдсан жишээ хаа сайгүй. Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал яг л эзэнгүй айл шиг болчихоод байгааг анзаарахад тийм ч төвөгтэй биш. Өөрөөр хэлбэл эцэггүй хүүхдийн толгой том гэдэгтэй утга ижил болоод байна. Учир нь салбарын сайдын зөөлөн суудлаас эхлээд энд буруу томилгооноос болж хэзээнээс хүний амь ийм мөчидхөн болж, хэдий хүртэл бид буруу замаар будаа тээхээ салбар хариуцсан сайдаас асуумаар байна. Гэхдээ эдгээр эрхмүүдийн зөв ч байж болох юм. Учир нь төрийн томоохон албан тушаалтан өвдлөө гэхэд нэг нь ч эх орондоо эмчилгээ хийлгэж байна гэж сонсогдож байсангүй. Монголд оношлогоо хийлгээд тусыг эс олно гэдгийг тэд хэнээр хэлүүлэлтгүй мэднэ. Тэдэнд өөрийн эрүүл мэндэд зарцуулах хөрөнгө мөнгөнд гар татахааргүй хэмжээний хөрөнгөтэй болохоор юундаа ч хүндээр тусах билээ. Харин жирийн иргэдийг өвчин эмгэг тойрохгүй, дайрахаас хойш хэрхэн хүндээр тусч байгааг тэд мэдэж байсан хэдий ч хоёр чихний хойгуур л өнгөрөөхийг бодож байгаа нь хийж буй үйл ажиллагаагаар нь харж болох юм. Манай улс дотоодын нийт бүтээгдэхүүний 5-7 хувийг эрүүл мэндийн салбартаа зориулдаг болох хэрэгтэй. Одоогоор манай улс гурав хүрэхгүй хувийг зар­цуул­даг аж. Орж ирж байгаа мөнгө нь ир­гэ­ний эрүүл мэндийн үйлчилгээнд бус, барилгын засварт тарамдаад дуусдаг нь тодорхой. Яам ямар ч ажил санаачлахгүй унтаа байж болохгүй. Салбарынхаа төлөө сэтгэл зүрх гаргахгүй, аливаа асуудалд дамжуулагчийн үүрэг гүйцэтгээд, тэр асуудал нь бүтвэл гавъяаг нь үүрээд бүтэхгүй бол хаядаг сэтгэлгээг цогцоор нь шинэчлэх хэрэгтэй байгааг бодит амьдрал харуулж байна.  Жилдээ 50 сая ам. долларыг шингээх төвлөрсөн оношлогооны төв байгуулах нь дээр үү, тэртээ тэргүй төрөөс амалсан хувь хишиг нэрийн дор олгох нэг удаагийн бүрэн үзлэг оношлогоонд хамруулах эрхийн бичгээр “худал” оношлогоогоор “худалчаа батлах нь зөв үү.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж