“Төрийн гэрэгэ”-г гардуулна

2016 оны 2 сарын 8

Хонин жилийн сүүлийн энэ өдөр Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн гэрэгэ"-г өнөөдөр морин цагт /11.40 цаг/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын жил солигдохын өмнө "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог уламжлалтай.

Уг шагналыг 2011 онд “Нэпко” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Британника нэвтэрхий толь, 2012 онд Үндэсний “Энержи Ресурс” компанийн Өмнөговь аймаг дахь Ухаа Худаг уурхайн бүтээн байгуулалт, 2014 онд  “Гацуурт” компанийн газар тариалан, мал аж ахуйн салбарт нэвтрүүлсэн техник, технологийн шинэчлэл, бүтээн байгуулалт, Дулааны 4 дүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин  чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл, Хөтөлийн “Цемент-шохой” компанийн хуурай аргын технологи нэвтрүүлсэн үйлдвэрлэлд тус тус хүртээсэн.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна