Мэндчилгээ

2016 оны 2 сарын 8

 

Эрхэм хүндэт генералууд, улс орноо батлан хамгаалах их үйлст зүтгэж яваа ахлагч офицерууд, эх орны минь дөрвөн зүг, найман зовхист энхийн манаанд зогсоо, дайчин тангарагт цэрэг эрс, ахмад дайчид, азай буурлууд болон даян дэлхийн энх амгалангийн ариун үйлст Монгол Улс, Монгол цэрэг, Зэвсэгт хүчнийхээ нэр алдрыг мандуулж яваа энхийг сахиулагчид Та бүхэндээ XVII жарны "Нүүр муут" хэмээх Гал бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.  Улиран одож байгаа хонь жилд Та бүхний сэтгэл зүтгэл, хичээл чармайлтын үр дүнд манай Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин ажил үйлс, амжилт бүтээл өрнүүн байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.  Батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн эхлэл тавигдаж, Зэвсэгт хүчний чадавхийг улам дээшлүүлж, бэхжүүлэх зорилгоор Засгийн газраар  хэд, хэдэн Зэвсэгт хүчний анги байгуулах шийдвэр гаргуулж чадлаа. Цэрэг эрс тэдний гэр бүл, нийгмийн хамгаалалд онцгой анхаарал хандуулан ажилласны дүнд хамгийн олон алба хаагч орон сууцтай болсон жил байлаа.  Гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хүрээгээ тэлж байгаагийн дотор хөрш болон бусад орнуудтай батлан хамгаалах салбарт харилцах хамтын ажиллагаанд ахиц гарч, энхийн төлөөх үйлсэд манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэж байна.   Цаашдаа өнөө хүрсэн амжилтаа бататгаж боломж бололцоогоо дайчлан зэвсэглэл техникээ шинэчлэн сайжруулах, салбарынхаа ажиллагсдыг орон сууц, нийгмийн хамгааллыг сайжруулахад хүч чармайлтаа нэгтгэн ажиллаж ахиц гаргана гэж найдаж байна.

 

Угтан золгож буй Гал бичин  жилд улс орны маань батлан хамгаалах чадавхи улам ахиж, өргөсөн тангарагтаа үнэнч Та бүхний минь санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхны дээдээр бялхахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөж байна.

 

УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН