Хөөрөгний ертөнцөөр аялахуй

2016 оны 2 сарын 8

XVIII зууны үеэс монгол түмний мэндлэх, хүндлэх ёсонд “хөөрөг зөрүүлэх” соёл нэвтэрч эхэлсэн гэдэг. Энэ үеэс л монголчууд мана, гартаам цахиур, чүнчигноров зэрэг байгалийн үнэт чулууг нарийн хийцтэйгээр урлан, хөөрөг хийж мэндлэх ёсондоо ашигладаг болсон хэмээн үздэг.

Тэгвэл монгол түмний сар шинийн баярын өмнөх битүүний энэ өдөр хөөрөгний сурвалжлага бэлтгэн хүргэж байна. Монголын түүхэнд нэр нь мөнхөрсөн төрийн зүтгэлтэн, алдартнуудын хэрэглэж байсан хөөргөөс бүрдэх үнэт үзмэрүүдээ Монголын үндэсний музей энэ сарын 3-нд нээгээд байна. Үзэсгэлэн ирэх сарын 6-ыг хүртэл Монголын үндэсний музейд гарч, ард иргэдийг хөөрөгний ертөнцөөр аялуулах юм.  

Үзэсгэлэнд Монголын үндэсний музейн сан хөмрөгт багтах 86 үнэт хөөрөг, уран нарийн хийцтэй 16 даалинг дэлгэн тавьжээ. Энд хамгийн том нь 575 грамм, 14.7 см өндөр, 10.8 см өргөнтэй манан хөөрөг байна. Харин хамгийн жижиг нь 15 грамм жинтэй, 3.5 см өндөр, 2.4 см өргөнтэй хөөрөг байгаа юм.

Түүхэнд үйл хэргээрээ тодоор бичигдэн үлдсэн хэд хэдэн төрийн зүтгэлтэн, эрдэмтдийн эдэлж байсан хөөргийг олонд толилуулж эхэлжээ. Үүний нэг нь Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны алдарт Өндөр Гонгорын эдэлж байсан чүнчигноров толгойтой, цэнхэр манан хөөрөг юм. Зөвхөн өндөр Гонгороос гадна халхын цуутай Гандангийн Бүрхэгдэндэв, Гандангийн Багабүрхэг Намжилваанчиг гэх алдар цуутай бөхийн түүхийг ч хамтатган авч явдаг энэ хөөргийг багаар бодоход л 130 жилийн настай гэх юм билээ.

Онцлон үзүүштэй бас нэгэн хөөрөг нь Хичээнгүй сайд Цэрэндоржийнх байв. Их гарын улаан шүрэн толгойтой, гартаам судалтай алаг манан хөөрөг эрхгүй нүдэнд тусна. Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Туулцэцэг "1973 онд Хичээнгүй сайд Цэрэндоржийн дүү Юндэн энэ хөөргийг музейн санд маань шилжүүлж өгсөн түүхтэй" хэмээн тайлбарлав. Тэр цагаас эдүгээг хүртэл Монголын үндэсний музейн сан хөмрөгт багтаж, олны нүдийг баясгах үнэт үзмэрийн нэг болжээ.

Хөөрөгний хажууд нэлээн эртний гэмээр даалинг тавьсан байв. Харин энэ даалинг жанжин Сүхбаатарын хэрэглэж байсан эд хэмээн тайлбарлалаа. Түүний гэргий Янжмаа гуай 1950-1960 оны хооронд, тухайн үеийн Сүхбаатар, Чойбалсангийн музейд бэлэглэсэн нь энэ юм байна.

Судар бичгийн хүрээлэнг үндэслэгчдийн нэг, нэрт эрдэмтэн, улс төрч Цэвээн Жамсрановын мөнгөн хөөрөг ч үзэсгэлэнгийн үнэт үзмэрийн нэг байв.

Ер нь Монголын үндэсний музейн сан хөмрөгт XVIII зууны дунд үе, XX зууны эхэн үед хамаарах хөөрөг бий. Үзмэрүүдийн хувьд дийлэнх нь монгол нутагт олдох элдэв үнэт чулуугаар хийсэн, монголчуудын ур ухаанаар бүтсэн хөөргүүд байна. Мөн Хятад болон Европын орнуудаас оруулж ирсэн үнэт хөөргүүд ч бас байлаа.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна