Жэки Чан лондончуудыг айлгав

2016 оны 2 сарын 8

 

Английн нийслэл Лондон хотын төвд Ням гаригт /II.7/ алдарт давхар автобусанд дэлбэрэлт болжээ. Автобус Их Британийн парламентын ордноос холгүй “Lambeth” гүүрэн дээр явж байх үед дээд давхарт нь дэлбэрэлт болсон аж. Лондоны иргэд террорист халдлага гарав хэмээн айж сандарсан боловч үнэндээ жүжигчин Жэки Чаны "The Foreigner" нэртэй шинэ киноны зураг авалтын хэсэг байжээ. Гэвч энэ нь 2005 оны долдугаар сарын 7-нд Лондон хотноо 20 гаруй хүний амийг хөнөөсөн  “7/7” халдлагыг сануулсан байна.

 

 

Хэдийгээр найруулагч болон кино багийнхан ойр орчмын оршин суугчдад зураг авалтын тухай хэлсэн байсан ч мэдээгүй хүмүүс олон байсан аж. Түүнчлэн кино зураг авалт байсныг Лондоны гал унтраах ангиас Твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд тайлбарлажээ.

 

Парис хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард “Исламын улс” бүлэглэл халдлага зохион байгуулж 130 гаруй хүний амийг хөнөөсөн нь олон улсад түгшүүр төрүүлэх болсон билээ. Түүнчлэн “Исламын улс” бүлэглэл Их Британид халдлага үйлдэхээр заналхийлээд байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна