Битүүний өдөр цээрлэх зан үйл

2016 оны 2 сарын 8

Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.

Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.

Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.

Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.

Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.

Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.

Шинийн нэгний өдөр цээрлэх зан үйл

Энэ өдөр гол, горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.

Үйл мэтгэх оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.

Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир нь гарзны үүд нээгдэж олзны үүд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй байхыг хичээ.

Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Зөрчвөл жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасарна.

Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.

Билэг дэмбэрэлгүй үгс хэлэх, мал нядлах, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалбал үхэл хагацал нүүрлэнэ.

Шинэ сарын шинийн долоонд ах, дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэнэ. Эл өдрийг хар өдөр гэх тул ийнхүү цээрлэдэг авай.

Эхнэр нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэнэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог ажээ.

Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын өс жаягийг зөрчихийг цээрлэнэ.

Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай.

Эх сурвалж: www.emegteichuud.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна