“Олонлог”-ийн сайн үйлсийн аян үргэлжилсээр

2016 оны 2 сарын 8

Математик, гадаад хэлний “Олонлог” сургуулийн "Сурагчдын өөрөө удирдах клуб"-ийнхэн "Нэг сэтгэл нэг гэр бүл" аянаа гурав дах жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Эхний жил нийслэлийн  Улаан чулуутын хогийн цэг дээр очиж, тэнд байгаа хүмүүст хувцас, халуун уух юм тараасан бол хоёр дахь жилдээ нийслэлийн Долоон буудалд амьдардаг бага насны хүүхдүүдтэй өрх толгойлсон эмэгтэйд тусалсан юм.

Харин энэ жил Архангай аймгийн Тариат сумын харьяат нийслэлийн Дамбадаржайлин хийдийн дуганч 75 настай өвгөн лам Батсуурь гуайд тусаллаа. Батсуурь буурай нь Баянбүрдэд айлын хашаа түрээслэн ганцаараа амьдардаг.  “Олонлог”-ийнхон буурайд сар шинэдээ хэрэглэх хэвийн боов болон хүнс /мах, гурил, ногоо, будаа, гоймон, наран цэцгийн тос, давс, сахар/, мөн гэр ахуйн хэрэглээний зүйлс /ариун цэврийн цаас, шүдний сойз, гарын болон барааны саван/ -ээр тусалцаа үзүүллээ. Мөн клубийн сурагчид өөрийн “Олонлог” сургуулийн үйлчлэгч Ариунаа эгчдээ 11 уут нүүрс, есөн уут мод өгч тусаллаа.

“Олонлог” сургуулийн удирдлага, багш, сурагчид “Сурагчдын өөрөө удирдах клуб”-ийн ажлыг байнга дэмжиж тусалж байдагт клубийнхэн талархаж явдагаа илэрхийллээ.

“Олонлог”-ийн сайн үйлсийн аян цаашид ч үргэлжлэх болно.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна