Зика-гийн халдвартай хүнтэй үнсэлцэх хэрэггүй

2016 оны 2 сарын 8

Фото: Kent Gilbert / Xinhua / Zuma / Globallookpress.com

 

Бразилийн Рио-де-Жанейро хотын эмч нар шээс, шүлшнээс Зика вирусийг илрүүлсэн байна. Тэд жирэмсэн эмэгтэйчүүдэд хандан гадны хүмүүстэй үнсэлцэхгүй байхыг, мөн зөвхөн өөрийн  аяга савтай байхыг зөвлөжээ гэж The Guardian сонинд өгүүлсэн байна. Зика вирусийн талаар бүрэн дүүрэн мэдээлэл байхгүй учраас ийм зөвөлгөөг өгч байна гэдгээ эмч нар онцолжээ.

 

Бразилийн мэргэжилтнүүдтэй эрдэмтэд тэр бүр санал нийлэхгүй байна. Эрдэмтдийн зарим нь хүний шингэнд байдаг денге вирустай түүнийг адилтган аюулгүй гэж байгаа. Тэд Бразилийн эмч нарыг элэглэн наяад оны эхэн үеийн ДОХ-ын дуулианыг сануулж байна гэж байгаа юм.

 

Зика вирусийн халдвар толгой өвдөж, биеэр юм туурах, халуурах, бие сулрах, биеийн зарим хэсгээр идээтэй зүйл гарах зэргээр илэрдэг аж. Жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ вирус нэн аюултай гэж үзэж байгаа. Ургийг тээж байх үедээ энэ вирусийн халдвар авсан эхээс төрсөн хүүхдийн тархи, гавлын хэмжээ өсдөггүй учраас оюуны хомсдолтой болдог ажээ. Халуун орны Aedes төрлийн шумуулаар вирус дамждаг. Эрдэмтэд бэлгийн замаар вирус дамжихыг үгүйсгэхгүй байгаа. Одоо энэ вирус Чилиэс бусад Латин Америкийн орнуудад тархаад байна. АНУ-д мөн халдвар илэрсэн байгаа.

 

Зикаг анх 1947 онд Угандад илрүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл аюултай гэж тооцож байгаагүй юм. Вирус 2015 онд Африк, Азиас Өмнөд Америкт орж ирээд эрчимтэйгээр тархаж эхэлсэн гэж үзэж байна Одоо энэ вирусийн халдвар 21 улсад бүртгэгдээд байна. ДЭМБ-ын дүгнэлтээр дэлхийн 3-4 сая хүн энэ вирусийн халдвар авах магадлалтай.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна